Барак Обама: НАТО-гийн үйл ажиллагаанд доголдол бий
АНЦУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
2012.05.22

Барак Обама: НАТО-гийн үйл ажиллагаанд доголдол бий

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их наймын уулзалтын дараа "Washingtonpost" сонины сэтгүүлч Жонатан Кэйпхарттай цаг үеийн үйл явдлаар сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна. Тэдний яриа АНУ Афганистаны харилцаа болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудын талаар өрнөсөн юм.

-Чикаго хотод болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр та "Хүнд хэцүү өдрүүд бидний өмнө ирлээ. Тэр дундаа Афганистантай холбоотой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг НАТО-д анхааруулж байна" гэсэн. Ямар хүнд хэцүү өдрүүд ирэх гэж байгаа юм бэ. Магадгүй энэ дайны дохио юу?
-Дээрх уулзалтад нийт 50 гаруй улс орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Бид бүгдээрээ Афганистан улсад амь үрэгдсэн цэргүүд болон иргэдийн дурсгалд зориулан нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлсэн. Миний хэлсэн үгний хувьд ямар ч дайны сэдэлтэй утга агуулагдаагүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Мөн буруугаар ойлгохгүй байхыг хүсч байна. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр АНУ-ын цэрэг армийн салбар эрсдэлтэй байна. Тэр ч үүднээс НАТО-ийн зарим арга хэмжээ, үйл ажиллагаанд хяналт тааруу байгаа гэдгийг дэлхий нийт мэдэж байгаа. Тус байгууллагын үйл ажиллагаанд доголдол бий гэдгийг бусад гишүүн орнууд ч хүлээн зөвшөөрдөг. Бодлогын хувьд биш, үйл ажиллагааны хувьд гэж ойлгож болно. Би саяхан НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фау Расмуснтай ярилцсан.

Түүнд Афганистан улсад идэвхжиж байгаа талибуудын дайралтын талаар онцгой анхаарал хандуулахыг шаардсан. Өөрөөр хэлбэл, 2014 он гэхэд НАТО-ийн цэргүүд Афганистан улсыг орхин гарна. Үүнээс өмнө манай улсын цэрэг эрс амь эрсдэлгүй эсэн мэнд гэртээ харих баталгааг шаардаж байгаа гэсэн үг. Үүнийг НАТО-ийн зүгээс ойлгох хэрэгтэй. Учир нь өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд АНУ-ын цэрэг арми хангалттай сайн үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа. Тиймээс аюулгүйн байдал талаас онцгой анхаарал хандуулахыг хүссэн юм.

-Гэхдээ талибууд болон бусад террорист бүлэглэлүүдийн гол бай одоо ч америкчууд гэдгийг бүгд мэднэ. Тиймээс 2014 он хүртэл дээрх террорист бүлэглэлүүд улам идэвхжих нь ойлгомжтой шүү дээ?
-Террорист бүлэглэлүүдийн талаар бид өнгөрсөн 15 жилийн турш цогц үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ хугацаанд олон ч зүйл амжууллаа. Харин одоо эргээд өөрсдийнхөө аюулгүй байдал нэн түрүүнд тавигдах ёстой зүйл болон хувирлаа.

-Өнгөрсөн өдрүүдэд Их наймын уулзалт амжилттай болж өнгөрсөн. Уулзалтын үеэр таныг Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олландтай найрсаг харилцаатай байсан талаар хэвлэлүүд онцолж буй. Түүнтэй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн шүү дээ?
-Тийм ээ, би энэ талаар өнөөдрийн сонин дээрээс харсан юм байна. Үүнийг та бүхэн нухацтайгаар хүлээн авах шаардлагагүй. Аль улсын төрийн тэргүүнүүдийн дунд байдаг энгийн сайхан харилцаа. Түүний хувьд Франц улсын ойрын дөрөв, магадгүй найман жилийн хөгжил, бодлогыг тодорхойлно. Ирээдүйтэй сайн Ерөнхийлөгч. Би түүнтэй ардчилал, эрх чөлөөний талаар ярилцсан юм. Түүний зүүний үзэл баримтлал гэхээс илүү нээлттэй байдал нь манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд авчина гэдэгт итгэлтэй байгаа. Энэ зун түүнийг Вашингтонд урих төлөвлөгөөтэй байгаа. В.Путины хувьд ч сайн улстөрч. Түүнийг дахин Ерөнхийлөгч болсонд баяртай байна.

-Их наймын уулзалтын үеэр санхүүгийн хямралаас АНУ болон Европ хэрхэн гарах талаар яриа өрнөсөн. Үүнтэй холбогдуулан АНУ өөрөө бас хүнд хэцүү цагт байгаа гэдгийг та онцолж байсан. Тэгэхээр Европын хувьд Герман нь санхүүгийн хямралаас гарах гол гарц нь болж байна гэсэн ойлголт төрөөд буй?
-Европын хувьд Грек, Итали Испани зэрэг орнууд хямралд хамгийн их өртөж, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь үнэн. Гэхдээ Грекийн асуудал тус уулзалтын гол шийдэх ёстой асуудлын нэг байсан. Тэр ч үүднээс Германыг санхүүгийн хямралаас гарах гарц хэмээн тодорхойлж байсан. Харин одоо Грекийг бид Европын холбооноос алдах юм бол бүр ч их хэмжээний хохиролд орох гээд байгааг эдийн засагчид сэрэмжлүүлсэн. Тиймээс тив хоорондын тусламж, дэмжлэг юу юунаас чухал болоод байгаа талаар Их наймын уулзалтын үеэр хэлэлцсэн.

-АНУ, Хятад улсын харилцаа ч нэг хэсэг муудсан. Саяхан Хятадын эрх баригчид цэргийн салбарт их хэмжээний мөнгө төлөвлөсөн гэсэн. Үүнээс дүгнэхэд Хятад улс цэрэг армийн хувьд дийлдэшгүй болох нь АНУ-д Ази, Номхон далайн бүс нутгаар харилцаа хаагдмал болох магадлалтай гэж шинжээчид дүгнэж байна. Та үүнийг ямар өнцөгөөс харж байна вэ?
-Энэ талаар Пентагоноос надад мэдэгдсэн. Надад өгсөн мэдээллийн дагуу бол Хятадын энэ оны цэргийн нийт зардал 106 тэрбум орчим ам.долларт хүрнэ гэсэн. Харин манайхны таамаглалаар энэ нь 120-180 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай гэсэн. Энэ мэдээлэл одоо хаа сайгүй л байгаа болов уу.
-Афганистан улсын хувьд талибуудтай 11 жилийн турш тэмцэж байгаа гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай онцолсон. Мөн тэрбээр "АНУ цэргээ манай улсаас гаргаж байгаа ч Афганистан цэрэг армийн хувьд шинэчлэл хийх явцад АНУ санхүүгийн дэмжлэг үзүүлж буй нь бидэнд таатай байна" гэсэн. АНУ-ын хувьд Афганистан улсын цэрэг армийн шинэчлэл, сургуулaлт, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд зориулан жилийн нийт зардлын талыг нь хариуцах болсон талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Афганистан улсын хувьд сүүлийн 10 гаруй жил АНУ-тай тууштай хамтарч байгаа. Тэр ч үүднээс Иран, Ирак, Пакистан зэрэг орнуудаас давуу эрх эдэлж, дээрх таны хэлсэн санхүүгийн хөнгөлөлт, тусламжийг авах болсон. Гэхдээ бид энэхүү тусламжийг хэдий хэр хугацаанд үргэлжлүүлэх талаар хэлэлцээгүй байгаа. Ирэх сард хэлэлцэж амжина гэдэгт итгэлтэй байна.
Нийтлэлч
Б.Баатар
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.