Томилолтын үеэр
2012.05.27
ҮХАА-н сайдын анхны томилолт
-Х.Баттулга сайд амралтын өдрүүдээр тариалангийн бүс нутагт ажиллалаа -
Шинэ Засгийн газрын ажил эхлээд удаагүй байна. Өнгөрсөн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад анхны томилолт өгч, шаргалтсан их тариан талбайн зүгт “илгээв”. Бямба гаригийн үдээс хойш Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зүгт хүлгийн жолоо залсан ҮХАА-н сайд Х.Баттулга болц нь хараахан гүйцээгүй зарим газраараа ногоорч харагдах тариалангийн талбайдаар тойрч, энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцан амралтын өдрүүдэд завгүй өнжжээ.
Зуны турш хур бороо ихтэй байснаас үүдэн энэ жилийн тарианы болц урьд жилүүдийнхээс 10-15 хоног хойшлох төлөвтэй байна, гэхдээ тэнгэр хангай гайгүй бол арвин ургац авах боломж бий хэмээн тариаланчид ярьж байлаа. Тэдний хувьд урьд нь тариа хураалтад хэрэглэх шатахуун, техник хэрэгсэл, хураасан жаахнаа хадгалж агуулах сав гэх мэт олон зовлон тоочдог байсан бол харин энэ удаа тарьж ургуулсан буудайгаа борлуулахад л бэрхшээл байна бусад юмаа бид зохицуулчихдаг болсон хэмээн их л додьгор сууна.
Х.Баттулга сайд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Гацуурт ХХК-ийн тариан талбай, хадлангийн ажил, буудай хадгалах эльватор, малын ферм, хүнсний ногооны аж ахуйтай танилцлаа. Мөн тус аймгийн Сайхан сумын тариалангийн талбайдаар орж, тариаланчдын санал бодлыг сонсч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн төв, Хөтөл дэх салбар, Дархан-Уул аймаг дахь Улаанбаатар гурилын үйлдвэрээр мөн орж амжив. Үүнээс гадна сайдын очсон нэг газар хэвлэлийнхны анхаарлыг нэлээд татсан юм. Энэ нь “Дархан-Уул аймгийн төвд гурилын үйлдвэр дэлбэрлээ” хэмээн өнгөрсөн жил шуугиан дэгдээж байсан газар. Тус аж ахуйн нэгж нь нэлээд хэдэн жилийн өмнө хувьчлагдсан, ноднин хадгалалтын горим зөрчиж буудай хадгалж байснаас үүдэн хэсэг газарт дэлбэрэлт болсны ул мөр одоо ч хэвээрээ байна билээ.
ҮХАА-н шинэхэн сайдтай бид энэ үеэр салбарынх нь талаар хэдэн үг сольж амжсаныг уншигчдадаа хүргэе.
-Ургац хураалтын бэлтгэлтэй танилцлаа. Тариаланчдад хамгийн тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Тариалангийн гол бүс нутгуудаараа явлаа. Ойрын арваад хоногт цаг агаар гайгүй байна гэсэн мэдээлэл тариаланчдад байгаа юм байна, тэгэхээр болц нь гүйцчих байх. Харин тариаланчдын маань хувьд ургацаа хураачихдаг, дараа нь борлуулах газар олдохгүй бол бидний хөдөлмөр талаар болох нь байна шүү гэсэн болгоомжлол байгаагаа хэлж байна. Үүнийг хүлээж авлаа.-Улсын хэмжээнд хэчнээн хэмжээний үр тариа хадгалж агуулах боломж байгаа юм бол?
-450 мянга гаруй тоннтариа хураана гэсэн урьдчилсан бланс гарсан байгаа. Гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, бусад аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 500 мянга орчим тонн буудай хадгалах боломж байгаа юм байна.
-Энэ салбарт төрөөс ямар бодлого хэрэгжүүлвэл үр дүнтэй харагдаж байна вэ?
-Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэж үг байдаг даа. С.Баярын Засгийн газрын үеэс энэ салбарт түлхүү анхаарч, сүүлийн гурав, дөрвөн жил хөдөлмөрлөсний хүчинд газар, тариалангийн салбар овоо сэргэж ирсэн байна. Тийм ч учраас Ерөнхий сайд нь гадаадад айлчлахдаа манайд улаан буудай өгөөч гэж хүсдэг байсан бол одоо танай улсад улаан буудайгаа экспортолъё гэж хэлэхээр болсон байна. Энэ бол ололт амжилт. Манай урд хөрш л гэхэд асар олон хүн амтай, хүнсний маш том зах зээл. Харин манай тариа будаа бордоо бага хэрэглэдэг эрүүл хүнс учраас Хятадын зах зээлд буудай экспортлох санал тавьж болох юм гэж харагдаж байна.Манай улс 2012 онд 306,1 мянган га-д үр тариа, 16,2 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо, 32,3 мянган га-д тосны ургамал, 11,1 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ тариалсан байна. Ургацын урьдчилсан блансаар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс, 99,4 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тооцоолоод байгаа юм. Энэ жилийн ургац хураалтад 1127 комбайн ажиллана, техник засварын ажил одоогоор 95 хувьтай байгаа гэсэн мэдээг албаны хүмүүс энэ үеэр өгсөн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.