Германаас хоёр төсөлд хөнгөлөлттэй зээл авахаар боллоо
2012.03.21

Германаас хоёр төсөлд хөнгөлөлттэй зээл авахаар боллоо

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн хамтын ажиллагаа нь 1992 оноос эхэлсэн бөгөөд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийтдээ 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгоод байна. ХБНГУ-ын Засгийн газраас өгсөн амлалтаа баталгаажуулж Монгол Улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулдаг бөгөөд энэ удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд нийт хоёр төсөлд хөнгөлөлтэй зээл авах асуудал тусгагдсан юм.

Үүнд шинээр 8,5 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын IV дулааны цахилгаан станц дээр хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II” төсөлд олгох, 2006 онд амласан 4,5 сая еврогийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөн “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд нэмж олгохоор асуудал багтсан болно.

Монгол Улсын Засгийн газарт олгодог зээлүүдийн ерөнхий нөхцөл адил ба ашигласан зээлд жилийн 0,75 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөх хугацаа 40 жил, үүнээс үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байдаг. “Эрчим хүчний үр ашиг II” – төслийн хувьд хоёр тал өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг байгаль орчинд ээлтэй, олон улсын шинэ техник технологид нийцсэн, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Европ болон ХБНГУ-ын үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг дэвшилтэт шинэ технологи болох турбины конденсатор болон дулаан солилцуурын төхөөрөмжийг тусгай аргаар цэвэрлэх, Химийн аргаар ус боловсруулах системийг өөрчлөх, Зуухны тэжээлийн усны том чадлын (4 мВт) насосны хөдөлгүүрийг хувьсах хурдны хөтлүүлээр солих ажлууд ДЦС-4 дээр хийх болно.Ингэснээр нэгж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагдах нүүрсний хувийн зарцуулалт, нүүр хүчлийн хийн ялгаралт багасч, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч буурч, түүхий нүүрсний хэрэглээ жилд 121,870.6 тн-оор хэмнэгдэж, хорт утааны бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгах болно.

“Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн хувьд сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөгжүүлж, ингэснээр сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Улаанбаатар хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангаж, гадаадаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах зорилготой бөгөөд өмнө энэхүү төсөлд зориулж 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авсан.

Төслийн өмнө авсан 7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр Азийн авто замын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.73 км хуучин асфальтобетон хучилттай авто замыг шинэчлэх, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон (хуучнаар Партизаны САА) хүртлэх 17 км асфальтобетон хучилттай шинэ авто зам барих ажил хийгдэх бөгөөд нэмэлт 4,5 сая еврогийн зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртлэх 29,4 км асфальтобетон хучилттай шинэ авто зам барих ажил хийгдэх юм.
Эх сурвалж
Сангийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.