Үндсэн чиглэлд “Халх гол” төслийг оруулахыг санууллаа
УИХ-ын чуулганы баасан гарnгийн хуралдаанаар «Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай» УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал болон байгаль экологи, эдийн засаг, хүн амын ахуй амьдрал, эрүүл мэндтэй холбоотой сэдвээр Засгийн газарт тавьсан УИХ-ын гишүүдийн асуулгын хариуг сонссон юм. Засгийн газарт тавьсан асуулгын нэг болох УИХ-ын гишүүн Су.Батболдоос Хүнс, хө-дөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан «Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх «Халх гол» төслийн хэрэгжилтийн тухай асуудал байв.
Дорнод Монголын хөгжлийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу «Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөг БНСУ-ын «КОЙКА» олон улсын байгууллага боловсруулж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн. Уг төлөвлөгөө хэрэгжвэл зүүн бүс нутгийн мал аж ахуй, газар тариалангийн салбар байгалиас хараат бус, байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болон хөгжиж, хүнсний баталгаат байдал нь хангагдан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Ийнхүү БНСУ-ын буцалтгүй тусламжаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуй байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар 170 мянган га талбайг тодорхой болзол нөхцөлийн дагуу ашиглуулахаар төлөвлөсөн нь Дорнодын үржил шимтэй нутгийг том дарга нар солонгосчуудад өгч байна гэх мэдээлэл хэвлэлээр гарах шалтгаан болсон байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл «Төсөл хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид орон нутгийн иргэдэд зөв ойлгуулах нь чухал. Урьд нь байсан 40 мянган га атаршсан газраа л эзэмшээд яв, 170 мянган га газар эзэмших боломж байна гэдгийг олон нийт шууд хагалах газар гэж ойлгон бухимдаж байна. Газар тариалан хөгжүүлнэ гэчхээд Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд «Халх гол» гэж ерөөсөө байхгүй байна. Энэ талаар мартсан бол оруулах хэрэгтэй» гэв.
УИХ-ын гишүүн Су.Батболд «Дорнодын газрыг гадныханд худалдчихсан мэтээр хэвлэлээр яриад байгаа зүйлийг зөв гольдролд нь оруулахын тулд энэ асуудлыг ярьж байна. Манайд хагалсан газар хангалттай байгаа. Цаашид нэг ч га газар нэмж өгөхгүй. Монголын бүх ард түмний үүц, магадгүй цаашид махтай, хоолтой үлдэх ганц боломж, бэлчээрийн маань үлдсэн жаахан нөөц тэнд байна. Энэ нөөцөө хагалах уу, хойч үедээ үлдээх үү гэдгээ бид бодох хэрэгтэй» гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан «Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай» хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудал байлаа. Чуулганы танхимд урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Л.Гансүх, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт,АМГ-ын дарга Д.Батхуяг, МХГ-ын дарга Р.Содхүү нар нэлээд шүүмжлэл сонсов. Ялангуяа ширгэж хатсан нуур, цөөрмийн тоо өнөөдрийн байдлаар хэд хүрээд байгаа, урт нэртэй хууль гарснаас хойш хичнээн аж ахуйн нэгжид лиценз олгосон, нөхөн олговор болох таван их наяд төгрөг гэдэг тоо хэр зэрэг үндэслэл, тооцоотой вэ гэдэг асуудлаар хууль санаачлагчид тодорхой хариулт авахыг хүсэж байв. МХГ-ын дарга Р.Содхүүгийн хариулснаар Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон 246 аж ахуйн нэгжээс 185 нь хууль гарснаас хойш өөрсдийн санаачилгаар үйл ажиллагаагаа зогсоосон. Хууль зөрчсөн 26 уурхайн үйл ажиллагааг зогсоосон гэв.
Харин АМГ-ын дарга Д.Батхуяг хууль гарснаас хойш 192 тусгай зөвшөөрөл олгосон гэж хууль санаачлагчдын нотолгоог эрс няцааж нэг ч зөвшөөрөл олгоогүй гэв. Дээрх хуулийг санаачилсан нэр бүхий гишүүд унаган байгалиа хамгаалахад чиглэсэн хууль удтал хэрэгжихгүй байгаа талаар Засгийн газарт гурав дахь удаагаа асуулга тавьж буйгаа олон нийтэд зарласан.Тиймээс өөрсдийн байр суурийг тууштай хамгаална гэдгээ илэрхийлж байлаа. Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар «Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай» УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг цаг сунгаж хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт оруулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үндсэн чиглэлд тусгаснаар ирэх онд Засгийн газар инфляцийг найман хувьд барихаар зэхэж байгаа бол эдийн засгийн өсөлтийг 12-15 хувьд хүргэх зорилт тавьсан байна.