21 аймгийн зүг тусламжийн цуваа хөдөллөө
Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн тусламжийн 1500 тн цагаан будааг 21 аймагт хүргэх цуваа өчигдөр нийслэлээс хөдөллөө.
Өнгөрөгч оны өвөлжилтийн нөхцөл байдал онц хүндэрч, байгаль, цаг уурын давагдашгүй хучин зүйлийн нөлөөгөөр монголчууд9,7 сая толгой малаа алдан, нийт 534 тэрбум гаруй төгрөгийн хохирол амсаж байв. Цас, зудны гамшгийн тэр хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулж Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цаг тухайд нь арга хэмжээ авч, малчдад олон арван иргэд, аж ахуйн нэгж болон гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудаас сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэн, нийт 45,2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг малчдад хүргэсэн юм. Цас зудны хүндрэлтэй байсан манай улсад ОХУ, БНХАУ, Бүгд найрамдах Казахстан улс, Япон, Турк зэрэг улс орнууд тусламжийн гараа сунгаж байв.
Монгол оронд тохиолдсон зудны гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа 2010 оны туршид явагдан, гамшигт нэрвэгдэн, хотоо харлуулсан малчдыг өнгөрөгч гуравдугаар сараас 11 дүгээр сарын хооронд малжуулах хөтөлбөрт хамруулан мөн оны 1-3 дугаар саруудад малчин өрхөд хүнсний бараа, бүтээгдэхүүн. эд материалын болон санхүүгийн дэмжлэгийг тасралтгүйгээр үзүүлж байсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын зүгээс банкны өр зээлэнд автсан малчид, иргэдийн зээлийн нөхцөлийг хөнгөлөх, хандив, тусламжийн гурил, будаа, хүнс
тэжээл. дулаан хувцас, түлээ түлш, цахилгаан үүсгэвэр зэргийг хүргэж өгөх. хорогдсон бүх малын сэг зэмийг устгах, ариутгах халдваргүйжуулах ажлыг нийт орон даяар зохион байгуулж байсан.
Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас улсын нөөцийн өвс тэжээлийг орон нутагт, малчны хотонд хүргэх, хөнгөлөлттэй үнээр олгох ажлуудыг хийж гүйцэтгэн, Засгийн газар, Улсын Онцгой комиссын гаргасан тогтоол шийдвэрийн дагуу өвс тэжээлийг үндсэн үнээр нь болон зарим тохиолдолд 50 хүртэл хувиар хямдруулж, буцалтгүй тусламж хэлбэрээр олгох ажлыг удаа дараа зохион байгуулан ажилласан юм.
Байгаль цаг уурын хатуу нөхцөл дахин давтахгүй гэх баталгаагүй учир энэ өвөл өмнөх хохирлоосоо туршлагажин олон арга хэмжээ аван өвөлжилттэй "тулж" байгаа. Гэсэн ч өнөөдрийн байдлаар манай орны 17 аймгийн 88 сумдын нутагт малын бэлчээрлэлт, өвөлжилтийн байдалд хүндрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс ч Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайд С. Батболд, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд нар төв, орон нутгийн удирдлагуудад тусгайлан үүрэг даалгавар өгч ажиллаж Улсын Онцгой комиссын шийдвэрээр орон нутагт өвс тэжээлийг нэмж байршуулах арга хэмжээг авч байна.
Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Казакстан улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн 1500 тн цагаан будааг 21 аймгийн малчдад илгээх ёслолын ажиллагаа өчигдөр 22-ын товчоонд боллоо. Тусламжийн 45 ачааны машин бүхий цувааг орон нутагт үдэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Бүгд найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд Орман Каримович Нурбаев, ОБЕГ-ын дарга Тэргүүн комиссар Ц.Амгаланбаатар, аймгийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд тусламжийн цувааны үдэлтэд зориулж хэлсэн үгэндээ "Манай улсын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж байгаад танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж байна. Энэ жилийн өвөл ч хатуухан, зудны байдалд байгаа бөгөөд 30 гаруй мянган мал хорогдоод байна. Улсын нөөцөд Засгийн газрын нууд 249-р тогтоолоор тогтоосон хэмжээний дагуу өвс тэжээл зохих хэмжээндээ байгаа. Өвөлжилт энэ хэвээрээ үргэлжилбэл өвс тэжээл хүрэлцээтэйгээс гадна энэ жил өмнөхтэй харьцуулахад орон нутаг хадлан тэжээлийн бэлтгэл арвинтай байна. Нэг сая орчим тонн өвс тэжээлийг орон нутгийн байгууллагууд, иргэд өөрсдөө бэлтгэн авсан нь өвлийг давахад том нэмэр болох юм.
Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан улсын нөөцийн салбарт байгаа өвс тэжээлүүдийг худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн.
Хүндрэлтэй байгаа аймгуудад Улаанбаатар хотоос аваачин нэмж өвс тэжээл байршуулах ажил эхлүүлээд байна. Өвөрхангайн байдал хамгийн хүндрэлтэй учир 600 тонн өвс тэжээл хүргэхийг ОБЕГ зохион байгуулж, улсын хэмжээнд байгаа бүх нөөц цэгүүдэд бэлтгэсэн үнээр нь худалдаалж эхэллээ" гэв.
Мөн үеэр Бүгд найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онд бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд Орман Каримович Нурбаев "Өнгөрсөн өвөл Монгол улсад хүнд хэцүү үе тохиосон. Энэ үзэгдэл дахин битгий давтагдаасай гэж хүсэж, малчдад тусламж хүрэхээр манай улсын Засгийн газар шийдвэрлэсэн нь өнөөдөр эзэндээ хүрэхээр замдаа гарч байна. Энэ дашрамд, тусламжийг уг цагаан будаанаас БНКазакстан улсын Соёлын төвд 100 тонныг хуваариласанд маш их баярласнаа илэрхийлье" гэв.
Цаашид өвөлжилт хүндэрсэн аймаг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Төв, Ховд, Увс, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын улсын нөөцийн цэг салбаруудад 600 тонн өвс тэжээл нэмж байрлуулах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд зарим аймаг, сумдын цасанд боогдсон даваа гүвээг онгойлгох, зам харгуйг цэвэрлэх ажлыг тухайн аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар хэлтсүүдээс зохион байгуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж, нөөцийн цэг салбаруудаа хүргэсэн бөгөөд зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр бэлтгэсэн.2011 он гарсаар Дорноговь аймгийн Хатанбулаг сум эрчим хүчээр тасарсныг ТС-100 маркийн дизель станцаар хангах асуудлыг Улсын нөөцөөс шийдвэрлэсэн байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас зудны гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол соёлын асуудалд анхаарч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хохирол багатай даван туулахад зориулж олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтарч хамтарч тусгайлсан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.