Малын сэг, зэм устгахад оролцсон малчид ажлын хөлсөндөө 1,4 сая ам доллар авчээ
2010.06.10

Малын сэг, зэм устгахад оролцсон малчид ажлын хөлсөндөө 1,4 сая ам доллар авчээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Онцгой байдлын Ерөнхий газар хамтран Өвөрхангай, Дундговь, Ховд аймагт “Хөдөлбөл хөлс” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд дээрх аймагт байгаа 2  сая 600 гаруй мянган малын сэг, зэмийг устгах ажил хийлээ.Энэ нь улсын хэмжээнд устгасан 7,8 сая малын сэг, зэмийн 35 орчим хувь бөгөөд 20 мянга орчим малчин тус бүр 300 хүртэл мянган төгрөг буюу 1,4 сая ам доллартай тэнцэх хэмжээний мөнгийг “ХААН” банкаар дамжуулан ажлын хөлсөнд авсан байна.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани, “ХААН” банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Батсайхан нар мэдээлэл хийв. Төсөлд хамрагдсан нийт малчны дөрөвний нэг нь гамшгийн улмаас огт малгүй болсон, өндөр настай, өрх толгойлсон эмэгтэйчүүд, 50 хувь нь 250 хүртэл толгой малтай үлдсэн байжээ.

Амьжиргаагүй болсон малчдыг энэ ажилд сайн дурын үндсэн дээр оролцуулж бага ч гэсэн орлоготой болгох, эрүүл мэндийн эрсдлийг нь бууруулах, хөрсний усны бохирдлоос сэргийлэхийн тулд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс төсөл хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд малчдыг хамгаалах хувцас, багаж хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаснаас гадна төсөлд хамрагдсан 51 суманд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 8 сая ам долларын өртөг бүхий “2010 оны зудын хохирлыг давах, эрт үеийн сэргээн босголтын хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь “Хөдөлбөл хөлс”, “Амьжиргааны бусад эх үүсвэр бий болгох”, “Эрт үеийн сэргээн босгох төлөвлөлт”, “Малчдын зудын бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэх” гэсэн хэсгээс бүрдэж байна. 2009-2010 оны гамшиг, зудын улмаас улсын хэмжээнд 8,4 сая толгой мал хорогдсон нь нийт малын 20 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгын дагуу гадаад орнууд, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 45,2 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлсэн. Улсын Онцгой комисс 951,7 сая төгрөгийн мөнгөн хандив, 3 тэрбум 659,7 сая төгрөгийн үнэ бүхий бараа, материалын хандив, нийт 4 тэрбум 611 сая төгрөгийн хандив хүлээн авч төлөвлөгөөний дагуу хяналттайгаар зарцуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.