Улсын онцгой комисс хуралдлаа
2010.06.03

Улсын онцгой комисс хуралдлаа

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, малын сэг зэмыг устгах чиглэлээр
авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, ой хээрийн түймэр болоод гар хөл амны өвчний талаар цаг үеийн мэдээлэл сонсож, Монгол Улсын шадар сайд, Онцгой комиссын дарга М.Энхболд цаашид хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх талаар чиглэл өглөө.

Малын сэг зэмийг устгаж дууссан байна

2009-2010 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд 8,1 сая мал хорогджээ. Хорогдсон малын сэг зэмийг устгаж үндсэндээ дууссан, хадваргүйтлийн ажил эхэллээ гэж өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хурлын үеэр мэдэгдлээ. Энэ ажилд зориулан Засгийн газраас 756,6 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь, Өвөрхангай, Ховд аймагт малын сэг зэмийг устгахад 2,1 тэрбум төгрөг зарцуулжээ. 30-60 хоногт үргэлжилсэн энэ ажилд 25673 хүн оролцсон байна.Малын сэг зэм устгал болоод ариутгал халдваргүйтлийг энэ сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болголоо.

Мөн тэжээлийн ургамлын үрийн хангамжийг нэмэгдүүлэн, хадлан бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж ирэх сарын 15-наас хадлан, өвс тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлэх бэлтгэл хангахыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан юм. Мал сүргээ оторлон таргалуулах, хашаа хороо, өвөлжөө бууцыг ариутгах, мал сүргийг тарилга туулгалтад хамруулах талаар энэ хурлын үеэр мөн яригдсан юм.Малын сэг зэм устгах ажлыг Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймаг хангалтгүй зохион байгуулсан, харин Баян-Өлгий, Булган, Дорноговь, Хэнтий, Ховд, Дундговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот орон нутгийн нөөц боломжийг ашиглан сайн зохион байгуулсан гэлээ.

Он гарсаар улсын хэмжээнд 45 түймэр гарчээ

“2010 гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын хэмжээнд 12 аймгийн 28 суманд 45 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Үүний улмаас хоёр иргэн амь насаа алдаж, гурван хүн түлэгдэж гэмтлээ. 12319,5 мянган га талбай шатлаа” гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар өглөө. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт хоёр түймэртэй, Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.Эдгээр түймрийг унтаахаар Онцгой байдлын албанаас 642 алба хаагч, 56 автомашин техник, хилийн цэргийн 156 алба хаагч, орон нутгийн 1363 иргэн 131 автомашин техниктэйгээр ажиллажээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд энэ үеэр “Түймрийн тоо өмнөх жилүүдийнхээс буурахгүй байна. Энэ жил нийт нутгаар цас их унасан, тиймээс газар харьцангуй чийгтэй байгаа. Тиймээс энэ жил түймэр гарахгүй, 45 гэдгээс бага тоо хэлж болохоор байлаа. Ийм байхад түймрийн тоо буурахгүй байна гэдэг бол хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Түймэр гарсан шалтгаан, түүний эзнийг тогтоож хариуцлага тооцож, олон түмэнд сэрэмжлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэмээр байна” гэлээ. Мөн тэрбээр гал гарсан хойно одоо яах билээ гэж биш, төв, орон нутгийн иргэдийн оролцуулан баг бүрдүүлэн байнгын бэлэн байдалд байлгах хэрэгтэйг Онцгой комиссын гишүүддээ анхаарууллаа.

Техник хэрэгслийн шинэчлэлийг ч шуурхайлах хэрэгтэйг онцоллоо. 2009 онд улсын хэмжээнд 15 аймгийн 67 суманд 120 удаа ой хээрийн түймэр гарчээ. Үүний улмаас 160749,8 га ойн талбай, 244283,3 га бэлчээрийн талбай шатаж, түймрийг унтраахад 69,3 сая төгрөг, байгаль экологид 533,8 сая төгрөгийн эд материалын болон бусад зардалд 2,1 сая төгрөгийн нийт 605,2 сая төгрөгийн хохирол учирчээ. Ой хээрийн түймрийн 50 хувийнх нь эзэн шалтгааныг олж тогтоон, хэрэг зөрчлийн улмаас 407 сая гаруй төгрөгийн хохирол учирсны 21 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Гар хөл амны өвчнөөр өвчлөгсдийн 98 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна

2010 оны зургадугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд гар, хөл амны өвчлөл 1183 бүртгэгдсэнээс нийслэлд 626, хөдөө орон нутагт 557 байна. Өвчлөгсдийн 98,9 хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлж байна. Гэхдээ сүүлийн үед өвчлөл буурч байгаа байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 2008 оны тавдгаар сарын 8-нд энтеровирус-71-ээр давамгайлан үүсгэгдсэн гар хөл амны өвчний анхны том дэгдэлт манай улсад эхэлж, нийслэлийн найман дүүрэгт /Багахангайгаас бусад/ 1399, 20 аймгийн /Баян-Өлгийгөөс бусад/130 суманд 1605 нийт 3004 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгсдийн 83 хувийг 0-10 насны хүүхдүүд эзэлж байсан. Тухайн үед Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагууд хамтарч өвчний тархалтыг хязгаарлах, хүндрэл, нас баралтаас сэргийлэх ажил зохион байгуулж байсан. Өнөөдөр ийм хэмжээнд хүрээгүй ч энэ өвчнөөс сэргийлэхийн тулд зайлшгүй шаардлагатай биш бол олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахиж байх талаар мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд энэ үеэр зах, дэлгүүр зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйтэл, цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэх, ХӨСҮТ-д мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг байнгын бэлэн байдалд ажиллаж, анхны тусламжийг цаг алдалгүй өгч байх үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.