Ч.Улаан: Их өр манайд ашигтай, Оросод ашиггүйгээр шийдвэрлэгдсэн нь үнэн
Удахгүй болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийгугтан Монголын ихөрийгтэглэсэн нь буруу шийдвэр байсан талаар мэдээлэл цацагдах болсон. Их өрийг хэрхэн эцэслэн шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн гол бай нь Монголын их өрийн асуудал болж байна. Тухайн үед өргүй болох талаар ямар яриа өрнөж байснаар яриагаа эхлэх үү?
-ЗСБНХУ-аас БНМАУ-д олгосон урт хугацааны зээлийн өрийн асуудлыг зохицуулах талаар санал боловсруулах хоёр талын ажлын хэсгүүд байгуулагдан 20 гаруй удаа яриа хэлэлцээр хийж байсан. Дээрх хэлэлцээрийн үеэр Монголын тал тооцоо, судалгаа сайтай, зарчмын асуудалд анхаарал хандуулан ярилцаж байсан нь эцсийн шийдэлд хүрэх боломжийг алхам алхмаар ойртуулсан юм.
-Манай талаас ямар хувилбараар өр барагдуулах санал гаргасан юм бол?
-Нэгдүгээрт, өр үүсч бий болсон түүхэн нөхцөл, манай улсын төлбөрийн чадвар, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан, үнийн өсөлт төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх болон нийгэм соёл эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуй, геологи хайгуул, зураг төслийн ажлыг санхүүжүүлэхэд олгосон зээлийг төлбөрөөс бүрмөсөн чөлөөлөх. Хоёрдугаарт, өмнө нь ашигласан зээлд 1991 оноос эхлэн хүү тооцохгүй байх. Гуравдугаарт, хамтын үйлдвэрүүдийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхэд авсан зээлийг тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнгээр төлж барагдуулах. Дөрөвдүгээрт, үндсэн өрийг чөлөөт валютад хөрвүүлэн өр шийдвэрлэж байгаа олон улсын арга туршлага, оновчтой механизмыг хэрэглэх зэрэгт чиглэж байсан.
-Оросын тал энэ бүхнийг шууд хүлээн авч, их өрийг тэглэх шийдвэр гаргасан гэжүү?
-Өрийн хэмжээг эцэслэн тохиролцох, зээлийн бүх хэлэлцээрийг нэгтгэх, шилжих рублийг чөлөөт валютад хөрвүүлэх, итгэлцүүрийг тохиролцох.өрийн зарим хэсгийг буюу бүхэлд нь гурав дахь этгээдэд худалдах гэх мэт асуудлуудыг хүлээн зөвшөөрч ажиллах талаар байр сууриа илэрхийлж байсан.
-Их өрийн асуудлаар манай улсад ОХУ-ын Эдийн засгийн сайд, Засгийн газрын тэргүүний орлогч нар зочилж, буцахдаа тодорхой санал дэвшүүлж байсан гэдэг?
-ОХУ-ын Эдийн засгийн сайд М.Сарафанов 1995 оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр өр төлбөрийг 1:1 гэсэн (рубль-долларын) итгэлцүүрээр ам.долларт шилжүүлэн тооцож 83 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийт өрийн үлдэх хэмжээг 1.6 тэрбум ам.доллараар тогтоох тухай байсан юм. Ингээд жил бүр хоёр хувийн хүү тооцож, 30 жилд төлж барагдуулахыг санал болгож байлаа. Манай тал хариуд нь 500 сая орчим ам.доллараас ихгүй байхаар тогтоож болох тухай мэдэгдэж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэх санал тавьж байсан.
-Тухайн үед ОХУ-ын Засгийн газрын дарга С.Степашин манай Засгийн газарт өрийн асуудлаар захидал ирүүлсэн байдаг. Үүнд ямар хариулт өгч байсан юм бэ?
-1999 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Наранцацралтад ирүүлсэн албан захидалд "Нийт өрийн 70 хувийг чөлөөлнө, өрийн үлдсэн хэсгийг болон урсгал өрийг яаралтай барагдуулах"-ыг шаардсан байлаа. Ийм явдал урьд өмнө нь гарч байгаагүй юм.
-Оросын тал ямар учраас тийн шаардлага өгсөн юм бол?
-1996-2000 онд Оросын тал өмнө нь хийж байсан яриа хэлцлээ үргэлжлүүлж манайд ашигтай боломжийг баталгаажуулж чадаагүй юм. Нэг ёсондоо Оросын тал өмнө нь амлаж байснаасаа ухарч, өрийн асуудалд хатуу байр суурь баримтлахаа илэрхийлсэн байлаа. Тэр үед ОХУ-д төлөх өрийг зохицуулан шийдвэрлэх асуудалд тухайн үеийн эвслийн Засгийн газрууд ахиц, дэвшил гаргаж чадаагүй. Тэр ч бүү хэл, хоёр улсын байр суурь, ойлголцлыг холдуулж, өр зохицуулах хэлэлцээрийг мухардмал байдалд оруулсан. Энэ нь Монгол Улсаас ОХУ-тай болон олон улсын банк,санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахад хүндрэл, бэрхшээл учруулж байсан нь нууц биш юм.
-Их өрийн асуудал шийдвэрлэгдэх асуудал эцсийн шатандаа хэзээ орсон юмбэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 оны зургадугаар сарын 26-аас долдугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд үүссэн шилжих рублийн өрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх арга механизмыг тохирсон нь түүхэн чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм. Хоёр улсын Ерөнхий сайд нар их өрийг 95-аас доошгүй хувийг хөнгөлөхдөө мэргэжлийн яамдад тооцоогоо нарийвчлан шалгуулах, өр барагдуулах арга, механизмыг олон улсын жишигт нийцүүлэн үүргийг өгснөөрөө олон жил яригдсан
"Их өр"-ийн асуудал шийдвэрлэгдэх эцсийн шатандаа орсон.
Ерөнхий сайдын айлчлалын дараа Санхүү эдийн засгийн сайдын ахалсан Их өрийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх комисс ОХУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн ажиллаж, өрөөс чөлөөлөх хэмжээг тохиролцсон юм. Ингэхэд манай улсын өр төлөх боломж 300 сая ам.доллар, Оросын талын тооцоогоор 330 сая ам.доллараар тодорхойлогдож, тооцоо ойролцоо гарсан нь хоёр талын итгэл үнэмшлийг улам баталгаажуулж өгсөн.
-Шинэ он гарахаас өмнө үлдсэн 250 сая ам. долларыг төлөхгүй бол өр хөнгөлөх тохиролцоо хэрэгжихгүй байсан гэдэг?
-Олон жил мөрөөдөж, хэлэлцэж байж хүрсэн тохиролцоогоо богино хугацаанд хэрэгжүүлж, төлбөр тооцоогоо хийж дуусгах, санхүүгийн эх үүсвэр олох хариуцлагатай үүрэг Засгийн газар, Санхүү эдийн засгийн яам, Монголбанкинд оногдсон юм. 2003 он дуусахад 39 хоног үлдээд байдаг. Шинэ он гарахаас өмнө 250 сая ам.доллар төлөхгүй бол "Их өр"-ийн 97.8 хувийг хөнгөлөх тохиролцоо хэрэгжихгүй болох байлаа.
-250 сая ам.долларыг чухам хаанаас бүрдүүлж, цагт нь шилжүүлж амжсан юм бэ?
-Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг сайжруулснаар, зарлага санхүүжилтээ бүрэн хийж, хандивлагчдаас орж ирэх хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгийг хуримтлуулснаар 25.6 сая ам.долларын хөрөнгө бүрдүүлсэн. Засгийн газрын урт хугацаатай үнэт цаас арилжиж, дотоодын зах зээлээс 24.4 сая ам.долларын хөрөнгө босгосон байсан. Мөн 50 сая ам.доллартай тэнцэх Засгийн газрын бонд борлуулсныг Канад улсын хөрөнгө оруулалттай "Айвенхоу Майнз" компани худалдан авсан юм.
-Монголбанк Эрдэнэтээс хэдийхэмжээнийам.долларыгямарнөхцөлтэйгөөр зээлсэн юм бол. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Тухайн үеийн Санхүү, эдийн засгийн яам, Монголбанктай гэрээ хийж 2004 оны I улиралд буцаан төлөх нөхцөлтэй богино хугацаатай 37 сая ам.долларын зээлийг Монголбанкнаас авсан."Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа сайн байж. Татварын илүү төлөлттэй 01 дамжих нь тодорхой байсан учир 13 сая ам.доллартай тэнцэх татварыг урьдчилан төлүүлэхээр тохиролцсон юм.
-Өр барагдаагүй, 50 сая ам.долларалга болсон гэх яриа ч бий шүү дээ?
-УИХ-ын даргын 2005 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 34 тоот захирамжаар Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийн төлж барагдуулсан тухай асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-д суудалтай нам, хүчний төлөөллийг оролцуулсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажилласан билээ. Ажлын хэсгийн гишүүд их өр барагдуулсан үйл явц, бүхий л баримт бичиг баримттай нэг бүрчлэн танилцаад их өрийг барагдуулсан үйл ажиллагаа Засгийн газраас гаргасан шийдвэрүүд холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн байгааг тогтоосон.
-Өр барагдах явцад хууль журам зөрчигдсөн, дундаас нь алдагдсан гэж хэвлэлээр бичигдэж байсан нь худал гэж үү?
-Энэ бол цэвэр гүтгэлэг. Өр барагдуулах явцад 22, 50 сая ам.доллар алдагдсан, хувьдаа завшсан гэх зэргээр ажил хариуцсан хүмүүсийг дайрч, давшилж, гутаан доромжлохыг оролдож байлаа. ёстой л өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана гэдэг л болсон.
-Өмнө нь ОХУ-ын зүгээс их өрийг дарсан талаар чамлалттайгаар хэл ам хийж байсан гэдэг. Энэ байдал одоо ч давтагдаж байх шиг?
-Их өр Монгол Улсад дэндүү ашигтай, ОХУ-д даанч ашиггүйгээр шийдвэрлэгдсэн учраас тэр л дээ. Монголчууд дотроо ойлголцохгүй, өр барагдуулсан явдлыг улстөржүүлэн маргалдаж байгааг далимдуулаад ОХУ-д ашиггүй нөхцөлөөр шийдвэрлэгдсэн энэ асуудлыг буцаая, Монголыг өртэй нь байлгая гэсэн саналыг зарим хүн, тэр тусмаа ОХУ-ын Думын депутат, төрийн дум дахь нөлөө бүхий улс төрийн хүчин хэлж байгаа. Бүр 250 сая ам.долларын өрийг бүрэн тэглэснийг чамлан энэ асуудлыг дахин авч үзэхийг санал болгосон байдаг.