Улаанбаатарт өрнөх хаврын бүтээн байгуулалтыг танилцуулав
2012.03.19

Улаанбаатарт өрнөх хаврын бүтээн байгуулалтыг танилцуулав

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал болж өнгөрлөө. Уг хурлаар дүүргийн засаг дарга нар хөрөнгө оруулалтын ажлын тайлангаа тавихын зэрэгцээ замын түгжрэлийг багасгах зорилгоор оюутан сурагчдын хичээлийн цагт өөрчлөлт оруулж байгаа талаар замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа н. Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс оюутан сурагчдын хичээлийн цагт өөрчлөлт орууллааХөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын ачааллыг багасгах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн Дотоод Хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас төв зам болон ачаалал ихтэй хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн цагт өөрчлөлт орууллаа.
Тухайлбал Энхтайвны гүүр, 120 мянгатын замын ачааллыг багасгах зорилгоор Хөдөө Аж Ахуйн их сургуулийн хичээл өглөө 08.40-д эхэлдэг байсныг 10.00 цагаас болгож өөрчилжээ.

Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд 16.000 оюутан суралцдаг. Бусад их дээд сургуулийн оюутны тоог гаргавал төрийн ордныг тойрсон их дээд сургуульд нийт 30.000 оюутны хичээл 09.00 цагт эхэлж байгаа нь авто замын хөдөлгөөнд хүндрэл учируулдаг байна. Иймд оюутан сурагчдын хичээл эхлэх цагийг төрийн болон төрийн бус байгууллагын ажил эхлэх цагтай зөрүүлэх шийдвэрийг сургуулийн захирал болон удирдлагуудтай зөвлөлдөж гаргажээ.

Мөн зөвхөн оюутан сурагчдын хичээлийн эхлэх цагийг өөрчлөх бус Улаанбаатар хотын томоохон худалдааны байгууллагын удирдлагуудтай ирэх долоо хоногт уулзаж цагийн зөрүүг хэрхэн гаргах талаар хэлэлцэхээр болжээ. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногоос гаргаж мөрдөж эхлэхээр болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан 4 сарын 5-ны өдрөөс буюу сурагчдын амралт дуусах үеэс хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Энэ жил Баянгол дүүрэгт 43,7 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг даргаас төсвийн ерөнхийлөн захирагч, менежер нарт төсвийн эрх шүлжүүлж хөрөнгийн хуваарилалтыг хийж байгаа. Баянгол дүүргийн хувьд хөрөнгө оруулалтын ажил амжилттай хийгдэж эхэлсэн байна. Зарим ажил техникийн улмаас он дамжин хийгдэж байна. Арван найман нэр бүхий уг ажлаас 1,6 тэрбум төгрөгийн 12 ажил бүрэн хийгдэж дууссан 4,9 тэрбум төгрөгийн 6 ажил он дамжин хийгдэж байгаа тухай мэдээллийг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан танилцууллаа.
Дүүрэг бүхэнд усан бассейн бүхий биеийн тамир спортын цогцолбор барих ажил хийгдэж эхэлжээ. Хоёр давхар барилга баригдахаар зураг гарснаас нэг давхарыг барих ажил хийгдэж байгаа. Хорооны дөрвөн барилгын ажлыг гүйцэтгэхээс нэг барилгыг оны өмнө дуусгаж, дотоод заслын ажилд орсон явж байна. Үлдсэн гурван барилгын хувьд оны эцэст төсвийн тодотголоор хэлэлцэгдсэн хорооны цогцолборын ажил юм. Уг барилгын цахилгаан дулааны асуудлыг шийдэж амжаагүй байгаа учир нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээгдэж байна гэв. Хот тохижилтын ажлын парк шинэчлэлтийг мөн энэ онд хэрэгжүүлэхээр болсон байна. Сонгон шалгаруулалт дуусаж гэрээ байгуулахаар болжээ. Мөн тохижилт руу чиглэсэн ажилд анхаарал хандуулж 15 шахдаг , 8 задгай тэвштэй машиныг дөрөвдүгээр сард хүлээн авахаар болсон байна.

Энэ жил Баянгол дүүрэгт зургаан төрлийн 43,7 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар дүүргийн Засаг даргад эрх шилжиж ирсэн 4,1 тэрбум төгрөгийн ажил бэлтгэл ажилдаа явж байна.

Хөрөнгө оруулалтын ажил Багануур дүүрэгт үр ашгаа өгч байна

Хөрөнгө оруулалтын ажил, тендер зэрэг ажлууд Багануур дүүрэгт хэрэгжиж эхэлсэнээр цоо шинэ үзэгдэл гарсан. Энэ нь орон нутгийн ажилд цаашлаад Багануур дүүргийн бүтээн байгуулалтад үр ашгаа өгч байна гэж Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. 2008 онд Багануур дүүрэгт 900 сая төгрөг хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан бол 2011 онд 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж 10 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2011 оны сүүлээр Нийслэлээс таван ажил хийгдэхээр төлөвлөсөн талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Бүх дүүрэгт усан бассейн бүхий спорт цогцолбор барих ажил мөн адил Багануур дүүрэгт хийгдэж эхлээд байна. Хорооны нэг цэгийн үйчилгээг бий болгох, хот тохижилт, парк шинэчлэлт, хороодод тохижилтын авто машины шинэчлэлт хийгдэх зэрэг ажлыг төлөвлөжээ. Он гарсны дараагаар нийт 3,2 тэрбум төгрөгөөр зургаан ажил хийгдэхээр эрх нь шилжигдэн ирсэн байна. Үүнээс Жижиг дунд үйлдвэрийн төв, 850 хүний суудалтай соёлын ордон Боулингийн төв байгуулах, Багануур дүүргийн зам засварын ажил зэрэг эхний ээжлийн ажлууд хэрэгжиж эхлэх шатандаа явж байна. Үүнээс гадна УСУГ-т хүн амын ундны усны лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

Төрийн болон орон нутгийн эд хөрөнгөд үзлэг хийх ажлын талаар танилцууллаа

Төрийн өмчийн болон орон нутгийн эд хөрөнгөд үзлэг хийх тухай журам гарчээ. Уг албан даалгаварыг хэрэгжүүлэхээр 2012 оны 2 дугаар сарын 16 ны өдөр 46 тоот тогтоолыг гаргасан. Үүнд дүүргийн дарга нар харьяа газрыг дарга нар нутаг дэвсгэр бүрт 3 дугаар сарын 9ны дотор багтаан салбар комисс байгуул гэсэн заалтыг захирамжаар гаргасан байна. Ингэснээр тооллогыг 5 дугаар сарын 15ны дотор явуулан дүнгээ төрийн өмчийн хороонд өгөх шийдвэр гарсан талаар Нийслэлийн өмчийн газрын дарга Ц.Баасанжав удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээлэв. Уг ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцан ажилладаг учир дүүрэг бүрт салбар комисс гаргаж мэдээлэл цуглуулах, тооллого явуулахад хэрэгцээтэй мэдээлэл болон заавар зөвлөгөө өгөхөөр болжээ гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.