Чингис хааны амьдралын түүх-газар зүйн учир шалтгааныг эрж хайжээ
2012.03.16

Чингис хааны амьдралын түүх-газар зүйн учир шалтгааныг эрж хайжээ

Танин мэдэхүй, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “DEEP” сэтгүүлээс Чингис хааны нутгаар аялал зохион байгуулах хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсын БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газартай хамтран 2011 оны 8 дугаар сард “DEEP” сэтгүүлийн 3 хүний бүрэлдэхүүнтэй багийг Чингис хааны холбогдолтой дурсгалт газруудаар аялуулсан юм.

Тэд Чингис хааны агуу их амьдралын түүх-газар зүйн учир шалтгааныг эрж хайхаар Монголын тал нутгаар Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогоос эхлэн түүний Хамаг Монгол Улсыг тунхаглан байгуулсан Хар зүрхний Хөх нуур хүртэл аялж “Чингис хааны аян замаар” гэсэн нийтлэлийг сэтгүүлийнхээ 2 дугаар сарын дугаарт гаргасан байна.Энэхүү нийтлэлийг танилцуулах арга хэмжээг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд мөн “DEEP” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжюнь болон Монгол судлаач, эрдэмтэд, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Ц.Сүхбаатар хэлэхдээ, “DEEP сэтгүүлийн нийтлэл нь Монголын түүх, ард түмний аж амьдрал, ёс заншлыг бодитойгоор харуулсан нийтлэл болсон бөгөөд энэхүү арга хэмжээ нь хоёр талын аялал, жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд цаашид ч хоёр талын энэ чиглэлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” гэв.“DEEP” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжюнь “...энэхүү нийтлэл нь Монголын тухай бодит ойлголтыг Хятадын олон мянган уншигчдад өгч, улмаар Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар Монголын аялал, жуулчлалын салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.Арга хэмжээний үеэр “DEEP” сэтгүүлээс Монголын тухай фото зургийн цомгийг хүрэлцэн ирсэн зочдод үзүүлж сонирхуулав.
Эх сурвалж
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.