Д.Ганхуяг: Төрийн албан хаагч намын гишүүнээсээ түдгэлзэх биш, татгалзах ёстой
2012.05.02

Д.Ганхуяг: Төрийн албан хаагч намын гишүүнээсээ түдгэлзэх биш, татгалзах ёстой

-АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал уржигдар болсон. Ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Ойрын үед улс төрийн бүх намууд намынхаа шийдвэр гаргах бүтцээ хуралдуулж байна. Үүний нэгэн адилаар АН Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа уржигдар хуралдууллаа. Хурлаар Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж Зөвлөлдөх хорооны гишүүдийн саналыг авсан. Тэр саналаа ирэх долоо хоногийн даваа гаригт Гүйцэтгэх зөвлөлөөрөө дахин хэлэлцүүлнэ. Дараа нь Аудитын газраар хянуулах байх. Сонгуулийн хуулинд заасны дагуу намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар шалгуулах ёстой. Шалтгаан нь бэлэн мөнгөний амлалттай холбоотой юм. Улсын төсөв, санхүүгийн хүчин чадлаас давсан амлалт хөтөлбөртөө тусгасан эсэхийг шалгана гэсэн үг. Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт УИХ-аас сонгуулийн товыг зарласны зэрэгцээ нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль УИХ-тай хамт явагдана. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар энэ асуудлыг мөн хэлэлцлээ.

-Энэ сарын аравдаар АН-ынҮндэсний зөвлөлдөх хороодахин хуралдах юм уу?

-Яг хэдэнд хуралдахыг нь сайн мэдэхгүй байна. Ямартаа ч сонгуульд оролцох улс төрийн намууд тавдугаар сарын 18-25-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна гэсэн Сонгуулийн хуулийн заалт бий. Тэгэхээр тэрнээс өмнө хуралдаж таарна.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХдахь АН-ын бүлэгзавсарлага авсан. Уг нь АН-ын гишүүд  огцруулахасуудлыг зуун хувь дэмжижбайгаа гэсэн шүү дээ. Яагаадзавсарлага авсан юм бэ?

-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ц.Нямдорж сайдыг зуун хувь огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Завсарлага авсан шалтгаан нь бүхэл бүтэн улсын Засгийн газрын   гишүүнийг   огцруулах асуудлыг шөнө дундаас хойш хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ бол нийгмийн анхаарал татсан асуудал шүү дээ. Тийм учраас ажлын цагаар хуралдаж шийдэх нь зүйтэй гэж үзээд шөнийн 4.00 цагийн үед чуулганы хуралдааныг орхисон юм.

-УИХ дахь хоёр намын бүлэг удаан маргасны эцэст нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-тай хамт явуулахаар болсон. Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үед Г.Батхүү гишүүн "Сонгуульд ажиллах төрийн албан хаагчид намын гишүүнээсээ түр түдгэлзэх биш, татгалзах ёстой. Ингэж байж сонгууль шударга явагдана. Ийм хуулийн төслийг өргөн барина" гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Сонгуульд ажиллах төрийн албан хаагч нь намын гишүүнээсээ түр түдгэлзэх биш, татгалзах нь зүйд нийцнэ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын санаачилсан ийм хуулийн төсөл өргөн баригдчихсан байгаа. Төрийн албан хаагчийг намын харьяаллаас нь татгалзуулсны дараа сонгуулийн ажилд оролцуулахгүй бол түр түдгэлзэнэ гэсэн нэрийн дор сонгууль будлиантуулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, тухайн үед түр түдгэлзсэн ч гэсэн намтайгаа ямар нэгэн байдлаар холбоотой байж болно шүү дээ. Монгол Улс хүн ам цөөтэй, өвөрмөц орон. Иргэний бүртгэлийн газраас сонгуульд саналаа өгөх насны 1.8 сая хүн байгаа гэсэн судалгаа гаргасан байна лээ. Гэтэл 1.8 сая хүний талаас илүү хувь нь аль нэг намын гишүүн байдаг. Тэгэхээр сонгуулиар ажиллах төрийн албан хаагчид заавал гишүүнчлэлтэй намаасаа татгалзах ёстой. Нөгөө талаасаа төрийн албан хаагчид аль нэг намын гишүүн байх, намаар хамгаалуулах, хариуцлагагүй ажиллах, хууль зөрчих асуудал байж болохгүй. Төрийн албан хаагчид хэт улс төрждөг. болсон. Энэ асуудал хэрээс хэтэрч байгаа. Ялангуяа сонгуулийн ийм асуудал байж болохгүй.

-УИХ дахь МАН-ын бүлгийндөрвөн гишүүн МАХН намдэлслээ. Сонгууль ойртсонүед ингэх нь хэр оновчтой  шийдвэр юм бол. Та улстөрчийн хувьд аль өнцгөөс ньхарж байна даа...

-Мэдээж өөрсдөө шийдвэр гаргаад хийж буй алхам. МАХН намд элссэн дөрвөн гишүүн угаасаа л тус намын мөрийн хөтөлбөрөөр 2008 онд парламентад сонгогдсон гишүүд шүү дээ. Улс төрч хүн үзэл баримтлалтай байх ёстой. Буруу зөв гэхээсээ илүүтэй өөрсдийнхөө үзэл баримтлалд тууштай байгаа юм болов уу л гэж харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.