Д.Ганхуяг: УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдгээр би жийрэг хийхгүй
2012.05.08

Д.Ганхуяг: УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдгээр би жийрэг хийхгүй

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Үүнээс урьтаж ямар ажлуудыг хийхээр тө­лөвлөн ажиллаж байгаа вэ?

-Энэ парламентын сүүлчийн чуулган үргэл­жилж байна. Хаалтаас өмнө газрын харилцааны тухай хоёр хуулийн төсөл батлуулахаар өргөн барь­сан. Одоо УИХ-аар хэ­лэл­цэж байгаа. Эхнийх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах тухай. Одоо үйл­чилж байгаа хууль нь 2013 оны тав­дугаар сарын 1-нд дуус­на. Тэ­гэхээр энэ хугацааг таван жилээр сунгаж 2018 оны тавдугаар са­рын 1-нд дуусах болгож хуульчилж өгсөн. Уг нь 2000-2004 онд Газрын тухай багц хууль бат­лагдсан байдаг. Тэгэхэд өрхөд газар өмч­лүүлнэ гээд заачихсан байгаа. Яг өрх гэхээр араасаа асуу­дал дагуул­даг юм билээ. Өрх гэж аав, ээжийг нь хэлэх үү, на­санд хүр­сэн үр хүүхдийг нь хэлэх үү гэх мэтээр асуудал гардаг. Үүнийг нь 2008 онд өөрчилж Мон­гол Ул­сын иргэнд гэж өөр­чилж өгсөн. Ер нь иргэн бүрт газар өмч­лүүлэх гэдэг АН-ын олон жилийн хүсэл  бай­сан. Манай улсын ир­гэн бүр газар өмчиллөө гэхэд нийт нутаг дэвс­гэрийн хоёр хувьд хүрэх­тэй үгүй­тэй газрыг л хү­мүүс эзэмших болно. Хууль гарч иргэд газар эзэмшиж эхэлснээс хойш нийт хүн амын есөн хувь нь газар эзэмших эрх авсан бай­гаа юм. Харин хот, хө­дөөгөөр нь зааглаж хар­вал судалгаанаас орон нутагт иргэд газраа өм­чилж авах байдал нь түлхүү ажиглагдаж байна.

-Уг нь нийслэлчүүд л газраа хуулийн дагуу эзэмшдэг юм биш үү?

-Гол шалтгаан нь аймаг, сумын төвд цахил­гаан л байвал  одоохон­доо өөр дэд бүтэц шаард­лагүй байгаатай хол­боо­той. Тэгэхээр газраа өм­чилж аваад дээр нь бай­шин барихад л тухайн иргэн үл хөдлөх хөрөн­гөтэй болж байгаа юм. Харин хотод яагаад газар эзэмших байдал бага бай­на гэхээр дэд бүтэц­тэй газар нь хүн бүрт хүрээгүй. Нөгөө талаас дэд бүтэцтэй болмогц  эрх мэдэлтэй хүмүүс нь ха­шиж аваад, дамлан зар­дагтай холбоотой. Уг нь нийслэлийн гэр хороол­лын хэмжээнд 200 гаруй мянган өрх амьдардаг. Үүний 80 орчим хувь нь ямар ч дэд бүтцэд холбог­доогүй бай­гаа. Ер нь бол газрыг иргэдээр дам­жуулж эдийн засгийн эр­гэл­тэд оруу­лах, бодлогыг дэл­хий нийтэд барим­талдаг. Газар хувьч­ла­хад олон асуудал гардаг. Улсын газрын сан, газар зохион байгуулалтын тө­лөв­лөлт, хот төлөв­лөл­тийн бодлогын хэрэг­жил­тийг жил бүр Засгийн га­зар хэлэлцэж төлөв­лөл­төө шинэчлэх ёстой. Үүн­тэй уялдуулан нэн тэр­гүүнд нийслэлийн гэр хо­рооллын дэд бүтцийн асууд­лыг шийдэх  байна. Гэтэл өнөөг хүртэлх хуга­цаанд эдгээр төлөв­лөл­төөс хот­жилт, шилжилт хөдөл­гөөн түрүүлж ирлээ. Энэ нь бараг төлөв­лөлт­гүй­гээр хот байгуулж бай­на гэсэн үг.

-Та тусгай хам­гаа­лалттай газраас газар чөлөөлүүлэх тухай асуу­дал хөндсөн. Яг ямар учиртай юм бэ?

-Тусгай хамгаалалт­тай бүсээс 300 га газар чөлөөлүүлэх тухай асуу­дал байгаа. Туул өртөө, Тэрэлжийн төв суурин­гийн тухай юм. Энэ өртөө, суурины иргэд 1950-иад оноос хойш тус газарт амьдарч байгаа. Тэгэхээр тус газрыг тухайн нутгийн иргэдэд нь өмчлүүлчих хэрэгтэй. Ингэхдээ шинээр нүүж очиж бай­гаа иргэдийг нь энэ асуу­далд хамруулаагүй. Хам­гийн гол нь ярьж байгаа газрыг тойроод эрх мэдэл бүхий хүмүүс хашаа хат­гаж хаус байшингаа ба­риад суурьшчихсан бай­на. Тэгэхээр тэнд олон жил ажиллаж, амьдарсан хүмүүс газраа өмчлөх нь зүйтэй юм гэж үзсэн. Тэ­гээд ч тухайн тусгай хам­гаалалттай газрыг оршин суугч иргэдэд өгөөд тэд­нээр хамгаалуулсан дээр. Тэ­гэх­гүй бол тус сууринг эрх мэдэлтнүүд бас л өмчилж, дээр нь элдвийг барьж, эвдэж сүйтгэх ма­гадлал­тай шүү дээ. Энэ бол зо­хис­той хамгаалалт юм.

-Сонгуулиас өмнө та­ны хувьд шийдэх ажил ийм байгаа юм байна. Харин сонгууль дөхөх тусам УИХ-ын түв­шинд улстөржилт ихэслээ. Сая л гэхэд Ц.Нямдорж сайдыг огц­руулах тухай асуудал хөндөгдөж МАН-ынхан хамгаалж үлдлээ...

-Олонхи асууд­­лыг хам­гаалж гар­лаа. Олон түмэн нөхцөл байдлыг ажсан байх. Ер нь манайд нэг хүнд үзүү­лэлттэй асуу­дал байсаар байна. Энэ нь хууль хэрэг­жилт хангалтгүй байгаа байдал. Хуулийг хэн хэ­рэг­жүүлэх ёстой вэ гэвэл төрд ажиллагсад. Энд шүүхээр  хуулийн ха­риуц­­­­лага хүлээлгэх, нө­гөө дэх  нь УИХ, Засгийн газар улс төрийн албан тушаалтнуудтай хариуц­лага тооцох гэсэн хоёр хувилбар бий. Ма­найд үнэндээ улс төрийн ха­риуцлагыг тооцох бо­ломж алга гэдгийг сая харлаа. МАН-ыг засгийн эрх барьж байгаа цагт шүү дээ. Уг нь бол нам гэдэг төрд оролцогч бай­гуул­лага.
Түүнээс эрх баригч л бол төрийн хуулийн дээгүүр үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг биш юм. Үүн дээр нэг зааг, ялгаа гарах ёстой. УИХ-ын гишүүн намаас гарсан шийд­вэ­рийг үргэлж дагахгүй байж бол­дог. Тэр нь хууль тогтоож, хэрэгжүүлдэг УИХ-ын ги­шүүн улс орны болон нийт иргэдийн нийтлэг эрх ашгийн тухай асуу­дал дээр заавал намын шийдвэрийг дагах­гүй байж болно гэсэн Үндсэн хууль, УИХ-ын тухай хуу­лийн заалтыг дагах яв­дал. Ингэснээр тухайн на­мын бүтцийн шийдвэр хуульд ний­цэх боломж бүрддэг. Хуу­лийн дээр нам гарчихаад бай­на гэдэг яриа ч зогсох учиртай. Үүнийг баримт­лахгүй бол яваандаа нам ёс зүйгүй, авлига авдаг хүмүүсийн орогнодог, хам­гаалдаг байгууллага болох нь.

-Та бүхэн огцруулах кноп дарахдаа Ц.Ням­дорж сайдын суу­далд ажил хийдэг хүн тавья гэсэн үүднээс асуу­далд ханд­сан гэж бай­гаа. Ха­рин ажил хийх­гүй байна гэж АН-ынхныг хэ­лээд байсан хүн суу­далдаа үлдчихлээ. Одоо яах вэ?

-Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг ма­най нам хөндөөгүй. Өөрийнх нь намын гишүүд уг асуудлыг өргөн барьсан. Өргөн барьсан үндэслэлд нь ёс зүй бо­лон улс төрийн хариуц­лага тооцох ёстой гэсэн товчхон мэдээлэл дур­дагдсан байсан. Тэгээд АН-ынхан олон удаа ярьж үзээд сайд хүн оногд­сон ажлаа хийхгүй байна. Улстөржүүлж, ир­гэ­ний ухаалаг үнэм­лэ­хийн ажлыг урагшлуулах­гүй байна гэсэн ойлгол­тыг авсан. Ер нь сонгуу­лийн булхай луйврыг хий­дэг асуудал цэглэгдэх цаг нь болсон. Энэ булхай луйвар бол сонгуулийн насны 1.8 сая иргэний сонгох эрхэнд халдаж байгаа явдал. Бүр цаа­шил­бал төрийн эсрэг гэмт хэрэг юм. Энэ үндэс­лэ­лээр л асуудалд ханд­сан. 2008 оны сонгуулийн өмнөх өдөр сонгуулийн баахан үнэмлэх тараа­сан. Тэр нь хууль зөрчсөн, буруу үйл ажиллагаа гэд­гийг бүх шатны шүүх тог­тоосон. Тэгвэл одоо сон­гуулийг шударга явуулах ажлыг хурдасгах,  бэлт­гэлийг  хангах шаард­лагатай бай­тал, элдэв янзын шаардлага тавих юм. Ийм асуудал гаргаж болохгүй л дээ. Бүүр Зас­гийн газрын агент­лаг Бүрт­гэлийн газрын бүт­цийг өөрчилнө гэж ярьж байх жишээтэй. Үүнийхээ оронд сонгуулийг шудар­га явуулах бэлтгэл хангах үүрэгт ажлаа хэрэгжүүлэх  нь чухал байна.

-Энэ асуудлыг хэ­лэл­цэх үеэр таныг "Хэв­лэлийн дайсан" гэж хэсэг цоллолоо. Энэ тал дээр таны байр суурь?

-Би үүнийг ерөөсөө ойлгоогүй. Цаанаа шалтаг шалтгаан байсан бо­лов уу л гэж харж байна. УИХ-ын чуулган дээр Ц.Ням­дорж сай­даас асуу­сан асуулт, хэлсэн үг гэж байгаа. Үүнээс болж "Өдрийн шуу­дан" сони­ноос "Хэвлэлийн дайсан" гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ. Тэр мэдэг­дэлтэй нь миний хэлсэн үг, иэлрхийлсэн байр суурь утга агуулга, зарч­мын хувьд огт ний­цэхгүй байгаа. Ер нь бол гүтгэлэг болсон. Яг тэгэхэд би "Ц.Нямдорж сайдаа. Эрх бариад эвтэй найртай байхдаа хууль зөрчөөд нэгнээ хамгаалах юм. Харин хагарч бут­раад, салж сарних болбол чи­ний но-г илрүүлнэ гэсэн мэдээлэл гарах юм. Ту­хайл­бал "Өдрийн шуудан" сонин дээр "Аалз­ны тор" гэсэн мэ­дээлэл гарсан байна. Үүнд танай намаас гарч байгаа гишүүдийг дурд­жээ. Эвтэй байх даа хэр­гийг нь олж хараагүй байж салж явахаар нь гаргаж байгаа нь Эрүү­гийн хуулийн хэргийг нуун дараг­дуулснаар хэргийн хамсаатан  болно гэдэг­тэй утга нэг болчих гээд байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ" гэж л асуусан. Түүнээс биш тэр нийтлэлийг нь буруу зөв гэж огт хэлээгүй. Ерөнхий сайд ч үүнд "Манай намыг ингэж хагалан бу­тар­гаад байгаа юм" гэж хариулж байна лээ. Тэгэхэд нь би танай намын улс­төрч­дийн сонин гэдэг юм би­лээ гэж хэлсэн. Ийм л юм болсон.

-Та хариу мэдэг­дэл­дээ "На­майг хэд хэдэн удаа гүтгэсэн" гэсэн байна лээ?

-Ер нь үүнээс өмнө намайг хэд хэдэн удаа үндэслэлгүйгээр гүтгэ­сэн. Хэвлэл мэдээллийн бай­гуул­лага намыг, улс­төр­чийг хамгаалдаг болжээ, өнөөдөр. Гэхдээ үүнийг дурдсанаараа бүх хэв­лэлийг хам­руулж хэлсэн­гүй. Зарим хэвлэ­лийнхэн ийм араншин гаргаад бай­гаа. Ийм байж бо­лох­гүй л дээ. Энэ байдал сайжрах байх гэж бодож байгаа. Яахав намайг доромжилж болно. Олон янзаар бичих юм даа. Японы "Өвсний үндэс" хөтөлбө­рийн мөнгийг идэж уудаг л гэнэ. Яг үнэндээ улс хоорондын ийм хө­төлбөрийн мөн­гийг зайдлах, зув­чуулах ямар ч боломж байхгүй. Надад ч тийм шаардлага алга. Энэ тухай Япон хүн сонсчихоод "Танай хэв­лэлийнхэн үнэхээр бо­лоогүй байна аа" гэж бай­сан. Эцэстээ энэ нь хоёр орны харилцаанд сэв суул­гаж болзошгүй юм.  Би энэ талаар тухайн хэвлэлд нь хэлж л байсан. Гэтэл өнөөдөр дахиад л ийм бай­дал гаргалаа.

-УИХ-ын гишүүн хүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн заалт бий шүү дээ?

-Үүгээр жийрэг хийх шаардлага надад байх­гүй. Засгийн газрын ги­шүү­нээс хуулийн хэрэг­жилтийг шаардаж асуу­хаар "Хэвлэлийн дайсан" болчихно гэж байх­гүй. Энэ нь намайг сонгосон сонгогчдын эрхэнд халдаж байна гэсэн үг. Үүнийг хэн ч ойлгоно. Харин ч тэр авлигатай тэмцсэн "Аалз­ны тор" гэдэг нийтлэлийг дэмжсээр ирсэн. Тэр то­рны сүлжээг таслах хэ­рэгтэй, авлигал авсан хү­мүүс­тэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Эвтэй­гээр эрх барьж байх үедээ энэ нь ил гарахгүй бай­сан бол хууль зөрчсөнд тооцогдох учиртай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.