Нефть импортлогчдод ногдуулсан торгуулийг хүчингүй болгов
Шатахуун импортлогч компаниудад ногдуулсан 17,2 тэрбум төгрөгийн торгуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүчингүй болгосонтой холбогдуулан Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Учир нь шатахуун импортлогч компаниуд 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр шатахууныхаа үнийг үндэслэлгүйгээр 210-260 төгрөгөөр нэмсэн хэмээн нэр бүхий найман компанид 17.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад байсан юм. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоол гаргаж, улсын байцаагчийн шийдвэр бүхий 17.2 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон билээ. Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооныхон шатахуун импортлогч нарт ногдуулсан торгуулийг хүчингүй болгосныг дэмжиж байгаа аж.
Энэ үеэр Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай холбооны зүгээс шатахуун импортлогчдод ногдуулсан торгуулийг хүчингүй болгосныг ямар учраас дэмжиж байгаа вэ. Торгуулийг цуцалснаар нийтийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм биш үү?
-Манай холбооны зүгээс нефть импортлогч компаниудад тавьсан торгуулийг хууль бус гэж үзэж байгаа. Өрсөлдөөний хуулийн 11.1-д "Аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнэ тогтооход төр оролцох үндэслэлгүй" гээд заагаад өгчихсөн байдаг. Мөн зах зээлд төрийн зүгээс шаардлагатай тохиолдолд зарим зохицуулалтыг хийнэ гэж хуулинд тусгасан байдаг. Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнд төр оролцоотой учир төр буруутай.
-Яагаад төр буруутай гэж?
-Тухайн үед шатахууны үнийг нэмэхийг Эрдэс, баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан тогтоолоороо хэлээд өгчихсөн. Үүний улмаас компаниуд үнээ нэмчихсэн. Төрийн зүгээс үндэс, суурийг нь тавьж өгчихөөд, эргүүлээд торгууль ногдуулсан нь буруу.
-Дэд сайд Б.Ариунсан үндэслэлийг нь тавьсан гээд байна. Тодруулахгүй юу?
-Төрийн байгууллагаас оролцох эрх зүйн үндэс байхгүй. Шатахууны үнийг 1800 төгрөгөөс дээш гаргах ямар ч үндэслэлгүй болчихоод байхад дэд сайд Б.Ариунсан хурлын үеэрх тогтоолдоо "Долларын ханш өссөн нь бодит шалтгаан болж, дизелийн түлш-1885 төгрөг, АИ92-1850 төгрөг, А80-1550 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй" гэж оруулсан. Үнийг ямар нэгэн байдлаар барих зохицуулалт байхгүй, зөвхөн монополь эрхийн тухай заасан байна. Аливаа байгууллага бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийн тулд хууль хяналтын байгууллага, төрөөс ямар нэгэн зөвшөөрөл авах хэрэгтэйг хуулинд нэмэх шаардлагатай.