Хямралаас бүрэн гарах арга замыг хайж байна
2012.04.25

Хямралаас бүрэн гарах арга замыг хайж байна

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гишүүн орнуудын сайд нар дэлхийн худалдаа, хөгжилд дүгнэлт өгөх, санхүү, эдийн засгийн хямралаас бүрэн гарах шинэ арга замуудыг эрэлхийлэх, улмаар тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан шаардлагатай арга хэмжээг тодорхойлохоор Катар Улсын Доха хотноо цуглараад байна.Энэхүү сайд нарын 13 дугаар бага хурал энэ оны 4 дүгээр сарын 21-нээс 26-ны өдрүүдэд “Хөгжилд төвтэй даяаршил: нийтийг хамарсан, тогтвортой өсөлт, хөгжлийн төлөө” сэдвийн дор болж байна.

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, худалдаа, хөгжлийн өнөөгийн байдал, улс орнуудын хөгжилд үзүүлж байгаа нөлөөлөл зэргээс үүдэн дэлхийн хөгжлийг өөрөөр харах шаардлагатай, өөрөөр хэлбэл, хөгжилд төвтэй даяаршлын үе эхэлж байна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал үзэж байна.Бага хурлын үеэр Дэлхийн хөрөнгө оруулалтын 3 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг бататгах, эдийн засгийн өсөлтийг хангах үр ашигтай хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Оргил тэргүүтэй манай улсын төлөөлөгчид бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаан, хөгжиж байгаа орнуудын 77-гийн бүлэг болон далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн хуралдаанд өөрийн орны байр суурийг илэрхийлэн оролцож байна. Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө оруулалтын асуудлаарх дугуй ширээний уулзалт, Хөрөнгө оруулалтыг дэмжих бага хурлын үеэр бусад орны төлөөлөгчидтэй санал, туршлага солилцож байна. Бага хурлын ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.