Брокерийн компаниуд иргэдээс 5000 төгрөг авч байгаа нь хуульд нийцэж байгаа юу
2012.04.24

Брокерийн компаниуд иргэдээс 5000 төгрөг авч байгаа нь хуульд нийцэж байгаа юу

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны үйл ажиллагааны тайланг сонсон хэлэлцлээ.Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан салбарын үзүүлэлт өнгөрсөн онуудаас өссөн гэж гишүүдэд мэдээллээ. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс шинээр батлагдан гарсан Компанийн тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Жолоочийн даатгалын тухай, Зээлийн батлан даалтын тухай зэрэг томоохон бие даасан хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд 350 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэн, хувьцааны арилжаа л гэхэд 109 тэрбумд хүрсэн аж. 2010 онд 16 компани 30.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2011 онд 28 компани 74.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Даатгалын компаниудын актив 56.7 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан бол 2011 онд 81 тэрбумд хүрсэн байна.Өнөөдрийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн ажлын хэсэгт тус хорооныхон багтан ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус хороо Инновацийн тухай хууль, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа хэмээн мэдээлсэн юм.

Д.Баярсайхан дарга хяналт, шалгалтын нэгдсэн тогтолцоонд шилжих асуудал, хорооны төсөв, мөнгөний асуудалд хаана хаанаа анхаарал хандуулах цаг болсныг ч мөн дуулгаж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны үйл ажиллагааны тайлангийн талаар товч танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж хариултаа авсан. Гишүүдийн зарим нь сонгуулийн жил болохоор банкууд IPO хийж хөрөнгө босгочихоод дампууран иргэдийг хохироодог, тийм зүйл болох вий хэмээн болгоомжилж байгаагаа дуулгаж байв. Д.Баярсайхан даргын хэлснээр IPO хийх хүсэлтээ гаргасан банк одоогоор байхгүй ажээ. Түүнчлэн гишүүд иргэдэд эзэмшүүлэх 536 ширхэг хувьцааг байршуулан данс нээж байгаа брокерийн компаниуд иргэдээс 5000 төгрөг авч байгаа нь хуульд нийцэж байгаа юу.

Засгийн газрын зүгээс энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн хэмээн лавласан юм.Санхүүгийн зохицуулах хорооны даргын хэлснээр хөрөнгийн зах зээлд оролцох гэж буй хэн ч бай данс нээлгэх нь гарцаагүй. Гэхдээ дээрх 536 хувьцаа арилжаанд орох болоогүй болохоор яарах шаардлагагүй юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 5000 төгрөгийн хураамж авч данс нээж буй компаниудад ийм мөнгө авч болно, болохгүй гэсэн шаардлага тавих боломж байхгүй ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.