Монгол улсын өр сэрэмжлэх хэмжээнд хүрсэн байх
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын өрийн дарамтыг судлахаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийг ахалж байгаа Ц.Даваасүрэн гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сангийн дэд сайд Ч.Ганхуяг манай улсын гадаад өр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэсэн тайлбар хийж байгаа. Харин Ц.Шинэбаяр гишүүн Засгийн газрын өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлсэн. Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг энэ асуудлын үнэн мөнийг олох учиртай. Ажлын явц ямар байгаа вэ?
-Дэлхийн банкнаас гаргадаг долоон шалгуур үзүүлэлтээр Монгол . Улс нийт хэдий. хэмжээний өртэй вэ гэдгийг гаргана. Түүнээс хувийн хэвшлийн авсан өр Монгол Улсынх биш гэж хэлж болохгүй шүү дээ. Сангийн яамныхан өрийн асуудалд хариуцлагагүй тайлбар хийж байгаа. Нийт өрийг экспорт, ДНБ болон бусад эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулан гаргадаг. Засгийн газрын өрийг төсвийн орлого зарлагатай харьцуулж үзсэн байдаг. Ажлын хэсгийн хувьд бүх л шалгуур үзүүлэлтээр өрийн дарамтыг гаргаж танилцуулна.
-Азийн хөгжлийн банкнаас 215 сая ам.долларын зээл авахаар болсон. Энэ зээлийг авснаар өрийн хэмжээ нэмэгдэнэ гэж гишүүд шүүмжлээд байна. Үнэхээр ийм зүйл болох уу?
-Уг зээл нь арилжааны нөхцөлтэй. 215 сая ам.доллар их мөнгө. Арилжааны зээл гэхээр хүү өндөртэй байдаг. Өмнө нь манай улс 40 жилийн хугацаатай зээл авч байсан бол энэ удаад 20 жилээр авахаар болсон. Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байгаа ийм үед дээрх зээлийг авах эсэхээ нарийн судалж байж шийдэх ёстой.
-Сангийн сайд асан С.Баярцогт "Монгол Улс өргүй. Гадаад улсуудаас авсан зээлээ төлж чадалгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өр гэж үздэг" гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоо Монгол Улсын нэг иргэн 3500 ам.долларын өртэй гэсэн яриа гараад байна л даа. Үүнд тайлбар хийхгүй юү?
-Хугацаа хэтэрсэн өрийн ойлголтыг ингэж тайлбарлаж болохгүй. Яагаад гэхээр өрийн дарамтыг тодорхойлохдоо нийт авсан зээлийн хэмжээгээр дүгнэдэг. Яахав, хэвийн, хэвийн бус зээл гэж ялгаж болно. Хэвийн бус зээл гэхээр хугацаа хэтэрсэн зээлийг хэлнэ.
-Манай улсын хувьд хугацаа хэтэрсэн буюу хэвийн бус зээл байгаа юу?
-Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа л үүнд хариулъя.
-Монгол Улсын гадаад өр сэрэмжлэх хэмжээнд хүрсэн гэж байгаа. Харин Засгийн газар "Үүнд санаа зовох хэрэггүй, өрийн хэмжээ хэвийн" гэсэн тайлбар хийх боллоо. Манай улсын гадаад өр ямар төвшинд байгаа бол?
-Сэрэмжлэх хэмжээнд хүрсэн байх гэж бодож байна. Яагаад гэхээр манай улс гадаад улсуудаас хавтгайрсан их зээл авч байгаа. Мөн олон улсын зах зээлээс хөрөнгө босгох болсон. Үүнийг яваандаа төлнө шүү дээ. Энэ бүгдийг нийтэд нь бодож үзэх хэрэгтэй.
-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Ирэх долор хоногт гарчих байх.