Газрын тосны компанийг улсын мэдэлд авна
Испанийн хөрөнгө оруулалттай Аргентинд газрын тосны олборлолт хийдэг "Yacimientos Petroliferos Fiscales" компанийн 51 хувийн үнэт цаасыг нь Аргентины Засгийн газар мэдэлдээ авахаар шийдвэрлэжээ.
Энэ тухай хуулийн тусгай төслийг парламентад хэлэлцүүлэх болно хэмээн тус улсын Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер мэдэгдсэн байна. Харин Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Гарсия Маргальо энэ алхмыг "Хоёр орны хоорондын найрсаг харилцааг эвдсэн хэрэг" гэж нэрийдэж байна. Эрчим хүчний гол эх үүсвэр болсон газрын тосны компанийг төрийн мэдэлд авч байгаа нь ноцтой хэрэг хэмээн мэдэгдлээ. Ийм мэдэгдэл хийсний дараахан тус компанийн үнэт цаасны ханш 18 хувиар буурчээ. Аргентины засаг захиргаа газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулдаг Испанийн компанийг хангалтгүй ажиллаж байна хэмээн үзсэнээс уг алхмыг хийх болжээ.
Зарим хувийг нь авахаас гадна зарим нэгэн орд газрууд дээр олборлолтын ажил эрхлэхийг нь хоригложээ. Энэ бүхний хариуд Испанийн зүгээс "Үндэсний эрх ашгаа хамгаалах болно" гэж мэдэгдсэн байна.