“Саусго сэндс” зэрэг компанийн үйлдлийг хязгаарлах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2012.04.27

“Саусго сэндс” зэрэг компанийн үйлдлийг хязгаарлах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын чуулганы пүрэв гарагын нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. СЕХ-ноос УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 28-ны өдөр явуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм байна.УИХ-ын гишүүн А.Тлейхан Орон нутгийн сонгуулийн хуулийг ярьсаар нэлээд хугацаа өнгөрлөө.

Зургадугаар сарын 28-ны өдөр сонгуулийг хэрхэн явуулахаар болж байна вэ хэмээн тодруулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын хариулснаар УИХ дахь хоёр намын бүлэг УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг явуулахаар тохиролцжээ. Ингээд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Засгийн газраас саналаа ирүүлсний дараа УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлэхээр тогтжээ. Шинээр боловсруулсан хуульд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулна хэмээн тусгасан байгаа ажээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр хийхээр хуульчилсан. Зургадугаар сарын 28-ны өдөр гэж хэрхэн сонгосон юм бэ гэж лавлаж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, СЕХ-ноос энэ өдрийг санал болгосон бөгөөд УИХ-ын өдөр судар үздэг гишүүдтэй зөвлөлдөхөд санал нэг байсан хэмээн хариулсан юм.

Санал авах өдрийн талаар гишүүдээс өөр санал гараагүй, дэмжсэн гэж тэрбээр нэмж хэлсэн.УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Төрийн ажилд сайн муу өдөр гэж байхгүй. Анх хуулийн төсөл санаачлагчид сонгуулийн санал авах өрдийг зургадугаар сарын 27-ны лхагва гариг гэж оруулж ирсэн ч энэ өдөр нь жилд ганц тохиодог муу өдөр байсан. Тиймээс иргэдийн сүсэг бишрэлийг бодоод хуулийг хэлэлцэх явцдаа сүүлийн долоо хоногийн аль нэг өдөр гэж өөрчилсөн хэмээн хэлсэн юм. Гишүүд ийн хэлэлцээд тогтоолоо баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын сонгуулийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн товлон зарлаж байгаа бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 28-ны өдөр хэмээн тогтоолоо.Тогтоолыг баталсны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгууль хугацаандаа болно, болохгүй гэсэн эргэлзээ сонин хэвлэлээр гарч, ард иргэдийн дунд ч үүсээд байлаа.

Харин энэ эргэлзээ өнөөдөр тайлагдлаа. Одоо СЕХ сонгуулийг зохион байгуулах бэлтгэлээ хангах үлдлээ хэмээн онцолсон юм.Үүний дараа “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулыг явуулахад улсын төсвөөс гаргах зардлыг 16.8 тэрбум төгрөгөөр тогтоолоо.Энэхүү мөнгө УИХ-ын, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулахад хүрэлцэх үү хэмээн УИХ-ын гишүүн Р.Раш тодруулсан. Саналын нэг хуудасны ард, урд хэсэгт нэр дэвшигчдийн нэрсийг хэвлэх болохоор нэмэлт зардал тийм ч их гарахгүй гэж СЕХ үзсэн юм байна. Гэхдээ орон нутгийн сонгуулийг явуулах зардал орон нутгийн төсөвт бас суусан байдаг болохоор сонгууль явуулах зардлыг Нийслэлийн төсвөөс ч хуваалцан санхүүжүүлнэ гэж тооцжээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Иргэний ухаалаг үнэмлэх сонгуулиас өмнө иргэдэд олгогдохгүй нь тодорхой боллоо. Тэгвэл одоо сонгуулийн санал тоолох автоматжуулсан машинуудыг ашиглана гэж баталгаа өгч чадах уу. Ухаалаг үнэмлэхтэй адил юм болох юм биш биз дээ. Санал авах байранд камер тавин хянах асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэж асуусан.СЕХ-ны дарга Ц.Лувсанжав, Санал тоолох автоматжуулсан машин олон улсын эрх бүхий байгууллагын шалгалтаар орж сертификат авсан. Энэ машиныг хуульд заасан байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг шалган баталгаажуулж байж хэрэглэх учиртай. Ажлын хэсгээс шалгаад гэрчилгээ олгосны дараа хэрэглэнэ. Одоогоор машинтай холбоотой хүндрэл гарсан асуудал алга. Харин санал авах байр бүрт камер суурилуулах хөрөнгө байхгүй. Өнгөрсөн сонгуулиар хэрэглэсэн цөөн тооны камер орон нутагт хадгалагдаж байгаа. Тэдгээр цөөн тооны камерыг хэрэглэх боломж бий гэж хариулсан юм.

Энэхүү хэлэлцүүлгийн дараа гишүүдийн олонхийн саналаар тогтоолоо баталлаа.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.Дараа нь Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөж байсан ч Сангийн сайдын товч мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг намын бүлгүүдээр хэлэлцэлгүй орж ирсэн асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиргүй, буцаая гэсэн горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй. Гэсэн ч дээрх мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуултад хариулах Засгийн газрын гишүүдийн зарим нь байхгүй байна гэсэн шалтгаанаар асуудлыг түр хойшлууллаа.

Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дараа нь хэлэлцлээ.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан юм.Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт тавигдаагүй ажээ.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор заасан юм байна. Тиймээс цаашид хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай уялдуулан зохицуулах шаардлага бий болсон гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад орнуудын бодлого, хандлагыг үзэхэд хязгаарлалтууд үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигддаг байна. АНУ-д л гэхэд агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг ажээ.Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй бөгөөд стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдэд хяналт тогтоосноор улс үндэстний язгуур эрх ашигт шууд нөлөөлөхүйц томоохон хэмжээний ашигт малтмалын орд газрууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөрөнгө оруулагч нар бусад орны Засгийн газрын болон түүний төлөөллийн компани, хуулийн этгээдэд хувьцаагаа зарах тохиолдолд Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагад шалгагдаж байж зөвшөөрөл авдаг журамд шилжих юм байна

Гадаад улсын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах болж байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд стратегийн ач холбогдол бүхий салбар болон үйл ажиллагааны аль нэг төрлийг эрхэлж байгаа, эсхүл зах зээлийн үнэлгээ нь 100.0 тэрбум төгрөгнөөс дээш үнэлгээтэй компаний хувьцааг эзэмших тухай хэлцлийг байгуулахад Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авахаар төсөлд тусгасан ажээ.Энэхүү хууль “South Gobi Sands” компанитай холбоотой юу хэмээн лавлаж байлаа. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, энэ хуулийг одоо хэлэлцэж байгаа нь дээрх компанийн дуулиантай цаг хугацааны хувьд л давхцаад байгаа гэж тайлбарласан. “South Gobi Sands” компанийн төлөөлөгч “Financial times” сонинд Монгол Улсын Засгийн газартай албан бусаад ярилцсан. Тэд дэмжсэн гэсэн утгатай ярилцлага өгсөн нь ямар учиртай юм бэ гэсэн асуултыг хэд хэдэн гишүүн тавьсан. Гадаад харилцааны сайд болоод Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар албан болоод албан бус ямар ч яриа хэлэлцээ байгаагүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.УИХ-ын гишүүн С.Баярцогт стратегийн аж ахуйн нэгжийг 100 тэрбум ч гэдэг юм уу мөнгөөр тодорхойлж болохгүй гэсэн саналтай байсан. Стратегийн ач холбогдолтой салбар гэдэгт бараг бүгдийг хамруулснаас стратегийн ач холбогдолтой биш салбар бараг үлдсэнгүй. Үүнийг нарийвчлан салгах нь зүйтэй гэж гэж байлаа.Энэ хуулийг яаралтай батлах шаардлагатай гэдэг дээр гишүүд санал нэгдсэн бөгөөд хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.“Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу Хувийн сонирхлын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай, Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай Хууль зүйн байнгын хороо тогтоол гарган баталсан юм.Шинээр журам, маягт баталсан учир “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” УИХ-ын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор болж байгаа юм. Ингэхээр хуучин журмын дагуу өгдөг байсан албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг бүгд хүчингүй болж байна гэж ойлгож болох уу. Шинэ маягтуудыг хэдэн сарын хэдний дотор өгч байх юм бэ хэмээн УИХ-ын гишүүн С.Баярцогт лавласан юм.Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, өмнө нь өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгүүд хүчингүй болохгүй.

Шинээр өгсөн маягтууд араас нь залгаад явна. Хувийн сонирхлын болоод хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг авах хугацааг 8 дугаар сарын 15-наар тогтоосон. Хууль тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж байгаа шилжилтийн үе болохоор энэ жил 8 дугаар сарын 15-наар тогтоосон. Ирэх жилээс 2 дугаар сар гээд хуучин хугацаагаараа явахаар зохицуулалт хийсэн гэж хариулсан юм.Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.