![Н.Алтаншагай: Бүтэн асаргаатай ХБИ-ий асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгох заалтыг хуульд тусгана](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/09/eb02599a642bc83d01115c9b7df1150b.jpg)
Н.Алтаншагай: Бүтэн асаргаатай ХБИ-ий асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгох заалтыг хуульд тусгана
Монгол Улсын Их Хурал 2024 онд анх удаагаа 126 гишүүнтэйгээр парламентаа бүрдүүлж, ажиллаж эхэлсэн. Энэ ч утгаараа нийгмийн олон салбарын төлөөлөл Их Хуралд орж, салбар салбарын чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Үүний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, эрхийг дэмжих” ажлын хэсэг байгуулагдаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буй.
Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай болон Ж.Баясгалан нар Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа.
Хөгжлийн бэршээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, тэдний эрхийг хамгаалах, санал хүсэлтийг сонсох ажлын хэсгийн уулзалт ийнхүү эхэлжээ.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн хувьд Монгол Улсын хүн амын 23 хувь оршин суудаг. Нийт 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд өнөөдрийн уулзалтад 300 гаруй иргэн оролцож, тулгамдаж буй асуудлын талаараа санал хүсэлтээ илэрхийллээ.
Миний хувьд бүтэн асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн доод хэмжээгээр олгох заалтыг хуульд нэмэлтээр оруулахаар ажлын хэсэгт саналаа өгөөд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн хэрэгжилтийг нийгэмд хангуулах нь нэн тэргүүнд шийдвэрлэнэ. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Монгол орон даяар иргэдээс авч ажиллахаар боллоо” хэмээн байр сууриа илэрхийлэв.