2025.01.13
О.Батнайрамдал: Зээлийн хэмжээ нэмэгдээд ТЭЗҮ-д хэр нөлөөлж байгаа вэ?
Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Сүүлийн 10 жил олон мега төсөл гэж ярьсан тэр дундаас санхүүжилт нь шийдэгдээд явж байгаа том төслүүдийн нэг Газрын тос боловсруулах үйлдвэр юм. Оюу толгойгоос харахад бид нар нэг зүйлийг сураад байгаа. Томоохон төсөл анхны бодсоноороо хэзээ ч байдаггүй хойшлох тусам зардал өсдөг, хугацаа алддаг энэ бол Оюу толгой дээр хамгийн кластик жишээ. Бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй дэлхий дээр байгаа томоохон мега төслүүдийг үзэхэд цаг хугацаандаа анхны төсвөөрөө хэрэгжсэн төслүүд ховор байдаг. Олон талыг оролцуулж байгаа олон зүйлээс шалтгаалдаг болохоор. Тэгэхээр үүн дээр санаа зовж байгаа зүйлүүд байна. Энэ төсөл заавал хэрэгжиж байж Монгол Улсад өгч байгаа ач холбогдол нь зөвхөн эдийн засаг гэлтгүй геополитик гээд нэлээн өндөр ач холбогдолтой. Зээлийн хэмжээ нэмэгдэх тусам анхны хийсэн техник эдийн засгийн үндэслэл дээр нөлөөлсөн байх ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэр нийтдээ бараг 2,1-2,2 тэрбум долларын төсөл гэсэн үг. Зээл нэмэгдэхэд ТЭЗҮ дээр хэр нөлөө үзүүлсэн бэ?Хоёрдугаарт, Зээлээ бид баталсан ч гэсэн буцаад Улсын төсвийн нэгдсэн төсөв дээрээ орон зай үүсэж байж цаашдаа ажил хэрэг болно. Бид алдагдалгүй төсөв баталдаг концеп руу 2025 оноос ороод эхэллээ. Алдагдалгүй төсөв батлахын тулд таналт хийх хүрээнд 60, 70% нь хөрөнгө оруулалтын төсвөөс танасан. Үүний нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр. Би санаж байгаагаар 270 орчим тэрбум төгрөг хасагдсан санагдаж байна. Дараа нь төсөв дээрээ орон зай гарахгүй болохоор нэмж зээлийн гэрээ байгуулсан ч гэсэн бодит амьдрал дээрээ дахиад л хамгийн том асуудал үүсэх болно. Хэрэгжүүлэх гэтэл төсөв дээрээ орон зай байна уу үгүй юу?Гуравдугаарт нь энэ төсөл цаашдаа бодитоор хэрэгжих үү үгүй юу гэдэг “Петро Чайна”-ын хэлэлцээрээс шууд хамааралтай. Учир нь бид түүхий тосоо “Петро Чайна”-аас Дачин Тамсагт олборлож байгаа тосоо авах ёстой. Дачин Тамсагийн одоогийн гарц нь 2024 оны гүйцэтгэлээр 552 мянган тонн байгаа. Энэ тоо гуравны хоёроор нэмэгдэх ёстой. Нэмэгдэж бүтэн чадлаараа ажиллаж байж ТЭЗҮ-ийн хүчин чадлаар энэ төсөл өгөөжийн хувьд ашигтай ажиллана гэсэн үг. Энэ буурах тусам нийт хүчин чадлаараа буураад 70, 60, 50 гэх тусам энэ төсөл цаашаа ашигтай ажиллах уу үгүй юу? Ер нь ажиллуулаад хэрэг байна уу, үгүй юу? гэдэг ийм асуудал руу орох учраас энэ давхар зайлшгүй шийдэгдээд явах ёстой. Энэ маргааны асуудал засаг дээр хэр явж байна вэ? шийдэгдэж байгаа юу?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар хариуллаа.