Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.
Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна.
Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан.
Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт юм гэдгийг дурдав.
Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэ зээл нь Ковид-19-ийн эсрэг вакцин худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэхэд ашиглагдах юм. Зээлийн зориулалт, хэрэгжилтийг Эрүүл мэндийн яам хариуцна гэдгийг хэллээ.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хариултдаа, ДЭМБ-аас яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл өгсөн 10 төрлийн вакцинаас манай улс дөрвөн төрлийн вакциныг худалдах авах, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд татан авч иргэдээ вакцинжуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Эдгээр вакцинаас нийтдээ 7 431 490 тунг татан авсан. Вакцины хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөж байгаа. Бүх аймаг орон нутагт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай, хэвийн ажиллаж байгаа гэлээ. Мөн одоогоор нийт хүн амын 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.6 хувь нь хоёрдугаар тунд, дархлаа тогтоох нэмэлт тунд 350 230 гаруй хүн хамрагдаад байна. Цаашдаа хүүхдүүдээ дархлаажуулах үүднээс Файзер вакциныг түлхүү авахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.