2025.01.13

Н.Батсүмбэрэл: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа

Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.13/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа

Байнгын хорооны дарга эрхэм гишүүд ээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улс болон Олон Улсын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг Улсын их хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн билээ. Эдийн засгийн байнгын хороо 2025 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар дээрх хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачилгын зүгээс энэхүү “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур, Чойр чиглэлийн 188 км 220 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцыг өргөтгөх төсөл хэрэгжсэнээр Багануур Чойр чиглэлийн 110кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөж эрчим хүчний чанар найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангах боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нарын гишүүд асуулт асууж, хариулт авч санал хэлсэн болно. Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийг олонх гэж үзэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

 Анхаарал хандуулсанд баярлалаа.