2024.12.27
Х.Тэмүүжин: Алдаа дээрээ сургамж аваад, дахиад том алдахгүй байхын төлөө хэрсүү байя
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
"Өчигдөр хаалттай хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр хэлсэн үгнүүд хий хоосон биш байсан шүү гэдгийг тодотгож хэлмээр байна. Тэр үгнүүд протоколд үлдсэн. Хожим хойно орой руу орохыг үгүйсгэхгүй. Үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг бид хэмжихдээ жаахан хэрсүү, бодолтой, гал тогоондоо бөмбөг оруулж ирэхээс илүүтэй хашааныхаа гадна тэр бөмбөгөө яаж барих вэ гэдгээ тооцоолж боддог ухаантай байх ёстой шүү. Сая эрчим хүчний үнэ нэмсэн, иргэдийн нуруу дээр ачаа нэмэгдсэн. Энэ ачааг ухаалаг хүлээж авч байгаа хэсэг нь үйлдвэрлэл хөгжих, үнэтэй ч гэсэн баталгаатай эрчим хүчтэй болох тэр зам руу явах гэж байгаа учраас энэ удаагийн өвдөлтийг тэсээд гарна аа гэдэг итгэл үнэмшилтэйгээр алхаж байгаа.
Үнэ нэмж, бизнесийнх нь дүрмээр ажиллах боломж руу аваачиж өгч байгаа нь хэн нэгний халаас руу энэ улс орохгүй, хувийн хэвшилдээ эрчим хүчний шинэ үүсвэр бариад өгөөч ээ гэдэг нүүртэй болох нэг алхам гэж бодож байгаа. Бид популизм, хуурмаг айдас, айлгаж байгаад араар нь хулгай хийдэг увайгүй үйлдэлд бууж өгснөөс болж Багануурын цахилгаан станцын ажил зогссон.
Бид популизм, хуурмаг айдас, айлгаж байгаад араар нь хулгай хийдэг увайгүй үйлдэлд бууж өгснөөс болж Багануурын цахилгаан станцын ажил зогссон. Жаахан зоригтой, тэвчээртэй сөрөөд зогссон бол өдийд баригдчихсан л байгаа. Эрчим хүчээ түгээгээд, бид лааны гэрэлд шинэ жил тэмдэглэх тухай биш дараагийн мөрөөдлөө ярих боломжтой л байсан. Тийм учраас алдаан дээрээ сургамж аваад, дахиад том алдахгүй байхын төлөө хэрсүү байя!"
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn