Соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2024.11.22

Соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг /2024.11.22/ -ны өдөр Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай: Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь энхийн зорилгоор ашиглах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад, конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн байгууламж, цөмийн материалын үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог дэлхий дахинд бий болгон хэвшүүлэх, цөмийн материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба манай улс 1986 онд нэгдэн орж, соёрхон баталжээ.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцод 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан бөгөөд тус конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн орсон байна.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь зөвхөн олон улсын тээвэрлэлтийн үеийн биечлэн хамгаалах арга хэмжээнд хамаарч байсан бол конвенцод орсон 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь цөмийн байгууламж, түүнчлэн дотоодын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлтэд байгаа цөмийн материалд хамаарч байна. Мөн конвенцод хамаарах санаатай гэмт хэрэгт цөмийн материалыг хууль бусаар нэвтрүүлэх, цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах зэрэг асуудлууд нэмэгдэж, хорлон сүйтгэх ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, туслалцаа үзүүлэх өргөтгөсөн хамтын ажиллагааны зохицуулалтууд нэмэгдсэн байна.

Монгол Улсын Их хурлын 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.7-д “Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж суурь судалгааг хийнэ” гэж тусгасан бөгөөд улмаар ОУАЭА-аас гаргасан цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар төлөвлөж буй 27 улс, орнуудын жагсаалтад Монгол Улс орсон байна.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОУАЭА-аас Монгол Улсын Цөмийн энергийн комисст ирүүлсэн албан бичигт Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол 2005 онд шинэчлэгдсэнээс хойш өнөөг хүртэл Монгол Улс нэгдэн орох арга хэмжээг аваагүйгээс үүдэн цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглаж байгаа баталгааны албан ёсны дүгнэлтийг ОУАЭА-аас гаргах боломжгүй болох тухай үр дагавар үүсэх талаар мэдэгдсэн аж.

Хэрэв 2024 оны дотор манай улс тус нэмэлтэд нэгдэн орох арга хэмжээг авахгүй бол эдийн засаг, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, байгаль орчин, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд цаашид хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдал үүсчээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.

Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргасан байна.

2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.