2011.11.22

Х.Баттулга:Хот хоорондын болон уурхайн замын стандартыг шинэчилнэ

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануйн голын гүүрнээс Халзан Бүргэдэй уул хүртэлх 59.9 километр, Хануйн гүүрнээс Их Тамир сумын хоорондох 37.6 километр, Хархориныг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 километр хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээж авах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эдгээр зам нь гуравдугаар ангиллынх бөгөөд долоон метр өргөн хучилт бүхий хоногт 2500 машин зорчин өнгөрүүлэх хүчин чадалтай, ус гаргах гүүр хоолой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэглэгээ бүрэн хийсэн, орчин үеийн технологиор баригдсан замууд ажээ. Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариу авлаа.

-Энэ жил улсын хэмжээнд хамгийн урт зам ашиглалтад оруулж байгаа гэж сонссон. Хэчнээн километр замыг ашиглалтад өгөөд байна вэ?

-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш ажил нь явж байгаа 3000 гаруй километр зам байгаа. Харин энэ жилийн хувьд 1100-1200 километр зам ашиглалтад орж байна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 километр зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлээд баруун аймгуудыг ийм автозамаар холбох ажил үргэлжилнэ. Засгийн газар бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавиад ажиллаж байгаа. Үүний өмнө Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажил хийгдэж байсан. Түүний л үргэлжлэл.

-Үнийн өсөлтөөс шалтгаалж замын компаниудын чадамж муудаж, тавьж байгаа замын ажил удааширч байна гэж замчид тайлбарлаж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Үнийн зөрүү асар их гарч байна. 2012 онд нэг километр хот хоорондын замын өртгийг 420-460 сая төгрөг байхаар тооцож байна. 2007,2008 онд нэг километр замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Яагаад өртөг өсөөд байна гэхээр зам тавьж байгаа бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авч байна. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эд нь гадаадаас хараат байгаа юм.

Энэ үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй.

Харин замын битум, цемент, арматур гэх мэтийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Гэхдээ замчид маань хүнд үеийг давж гарлаа. Үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт суулгаж егөх ёстой. Одоогоор нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн. Үлдэгдэл мөнгийг улсын төсөвт суулгаж чадахгүй л явна.

-Замын стандартын асуудал хэрхангалттай байна вэ. Хөрөнгөөхэмнэх гээд чанарын асуудлыг орхигдуулдаг тал бий шүү дээ?

-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирсэн. Үүний нэг нь уул уурхайн тээвэр. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120  тоннын даацтай машинууд явж  байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингэхээр хуучны замын стандартыг мөрдөж болохгүй  болоод  байна. Бид Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот  доторх  зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?

-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 километр зам ашиглалтад орно. Мөн Говь-Алтай-Баян-хонгор чиглэлийн зам ашиглалтад орно. Харин зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.