Н.Алтанхуяг: Төсвөөс хэсгийн ахлагч нарын дөрвөн жилийн цалинд зарцуулдаг 100 тэрбумаас хасах боломжтой
УИХ-ын гишүүн хүн ард түмний элч, төлөөлөгчийн хувьд эхлээд улс орныхоо асуудалд анхаарч, зөв зүйтэй шийдвэр гаргахад манлайлан оролцох нь маргашгүй зүйл. Харин дараагаар нь тойрогтоо анхаарлаа хандуулж, сонгогч иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санаа бодлыг нь төрийн шийдвэрт тусгуулахын төлөө ажиллах нь гишүүдийн бас нэг үүрэг.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн тойргийнхоо буюу СХД-ийн иргэдийн саналыг сонсож, гарц, шийдэл гаргаж ажиллах 7996-1111 автомат утас ажиллуулж эхэлсэн. Улмаар иргэдээс ирсэн санал, хүсэлтийг нэгтгэж тухайн долоо хоногийнхоо пүрэв гаригийн 18:00 цагт “4-18” шууд live хийж, иргэдийн санал, шийдлийг сонсож, бусдад түгээн ажиллаж байна. Иргэдээс сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ипотекийн зээл, сайжруулсан түлшний асуудал зэрэг олон сэдвээр санал, шүүмж, гарц, гаргалгаа илэрхийлсээр байна. Мөн 35 их наядын алдагдалтай, 2025 оны улсын төсвийг багагүй шүүмжилсэн. Улсын төсвийн ажлын хэсэгт орж ажилласан А.Алтанхуяг гишүүн ч төсөв хэлэлцэх үед “Засгийн газар энэ төсвөө татаж ав” гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байлаа.
Харин одоо Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан төсвийг хэлэлцэхдээ ашиггүй төсвөө танаж, үр ашигтай төсөлд хөрөнгө оруулсан сайн төсөв батлах талаар иргэдээс санал ирж буйг Н.Алтанхуяг гишүүн онцолж буй. Тодруулбал, төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх нэр дор намын ажил хийж, төсвөөс цалинжиж, үргүй зардал гаргаж буй хэсгийн төлөөлөгч нарын асуудал юм.
Жишээ нь СХД 43 хороотой, 400 орчим хэсгийн ахлагчтай. Харин Улаанбаатар хотод 204 хэсэгт, 2000 мянга гаруй хэсгийн ахлагч ажиллаж, сүүлийн 10 жилийн дотор энэ тоо 2 дахин өссөн. Арван жилийн өмнө энэ хүмүүс 100 гаруй мянган төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 1 сая төгрөгийн цалинтай болжээ. Зөвхөн нийслэл хотод нэг сард 2000 гаруй хэсгийн ахлагч 1 сая төгрөг авдаг гэвэл 2 тэрбум төгрөгийн цалингийн зардал гарч байна. Цалинд жилд 24 тэрбум төгрөг, 4 жилд 100 тэрбум төгрөг буюу 640 хүүхдийн багтаамжтай 3 сургууль барих зардал зарцуулагддаг.
Иргэд үүнийг шүүмжилж, төсөв хэлэлцэхдээ энэ мэт үргүй зардлыг танаж, ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулахыг санал болгосон. УИХ-ын гишүүдийн олонх нь чуулганы завсарлагаанаар буюу жилдээ хоёр удаа тойргийн иргэдийн саналыг сонсохоор очдог хуучин жишгийг Н.Алтанхуяг гишүүн ийнхүү халж ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn