Х.Нямбаатар: Яармагаас Хархорин хүртэл 4.2 км урттай агаарын дүүжин тээврийн төслийг эхлүүлнэ
2024.11.16

Х.Нямбаатар: Яармагаас Хархорин хүртэл 4.2 км урттай агаарын дүүжин тээврийн төслийг эхлүүлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталлаа. 

Тус хөтөлбөрийн үндсэн бодлого нь агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн байна. 

Ингэхдээ агуулгын хувьд ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлсэн 5 бодлого, 25 зорилго, 220 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаг үеийн хувьд тулгамдсан нэн шаардлагатай 12 томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Улаанбаатар “20 минутын хот” үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суугаа газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр тусгасан” гэсэн юм.   

Томоохон төслүүдээс дурдвал:

  • Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

  • Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

  • "Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.

  • Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.

  • Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

  • Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.

  • Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.

  • Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.

  • ”Хог шатаах  20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна.