Ардчилсан нам: “Бүтэн-Монгол-Бүрэн ардчилал” мөрийн хөтөлбөр боловсруулжээ
Монгол Улс 2024 онд Ардчилсан үндсэн хууль баталснаас хойш ес дэх удаагийн сонгуулиа хийж төр улсаа төвхнүүлэх гэж байна. Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд энэ сарын 25-ны дотор Сонгуульд дэвшүүлсэн мөрөө хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүлээлгэн өгч Монгол Улсын хууль эрх зүйд хэр нийцсэн хөтөлбөр болсон эсэхээ шинжлүүлэх юм. Өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр тэргүүтэй төлөөлөл Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн.
АН өнгөрсөн оны гурван сараас эхлэн Монгол орноо тойрон эдийн засгийн бүсчилсэн уулзалтыг хийж нийт 71 мянган намын гишүүд, салбар мэргэжлийн 39 холбоодоос 5100 орчим санал авч мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Эдгээр саналыг “Өрийн дарамтгүй Монгол Улс” гэсэн хэлэлцүүлгийн үр дүнгээр шигшиж “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” гэсэн хэлбэрээр дахин шүүж намын удирдах зөвлөл Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэн баталсан байна. АН нь 1992 оны Үндсэн хууль баталснаас хойш ес дэх удаагийн ардчилсан сонгуульд оролцож мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байсан туршлагатай улс төрийн хүчин билээ. Мөрийн хөтөлбөрийн агуулга, онцлог, хэрэгжих боломж, хуулийн нийцлийн талаар тэдний сэтгэгдлийг сонслоо.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр: Шинжлэх ухаанд суурилсан хэрэгжихүйц хөтөлбөр боллоо
-Өнгөрсөн найман жилийн хугацааг Монголчууд хүнд нөхцөл байдалд өнгөрүүллээ. Нийгмийн хөгжлийг гацаасан, ухраасан, зогсоосон энэ хүнд он жилийг нөхөхийн тулд бидэнд эрчимт хөгжлийн бодлого хэрэгтэй. Эдийн засаг, авлига, нийгмийн бусад бүхий л салбарыг хамруулсан мэдлэг, шинжлэх ухаанд суурилсан хэрэгжхүйц мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөгөө боловсруулж хуулийн хугацаанд нь хүлээлгэн өглөө.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “999 сорьцтой хөтөлбөр” болсон
undefined
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө есөн бүлэг 90 дэд хэсэг, 900 ажлыг багцалж боловсрууллаа. Тоогоор илэрхийлбэл, “999 сорьцтой хөтөлбөр” гэсэн үг юм. Ардчилсан нам Ардчилсан үндсэн хууль баталснаас хойш найман удаагийн сонгуульд оролцсон туршлагатай хүчин. Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсад эрх чөлөө, хүний эрх, хувийн өмчийг дээдэлсэн хувь хүний хөдөлмөрлөх, бизнес хийх бололцоог нээж өгснөөрөө түүх болон үлдсэн. Харамсалтай нь МАН Засгийн эрх барьсан 2016-2024 онд бүх зүйл урвуугаар эргэж намын тогтолцоот төрт улс болж ардчиллын индексээр өдөр ирэх бүр ухарсаар байгааг олон улсын байгууллагын судалгаа харуулсаар байна. Тэр дундаа авлигын индексээр 40-50 байраар ухарлаа. Авлига авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна. Хэрэв Ардчилсан нам Засгийн эрхийг авбал энэ бүх болохгүй байгаа асуудлыг эхний 100 хоногт хууль эрх зүйн хүрээнд засах арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөг мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Нэн түрүүнд Засгийн газрын бүтцийг цомхон чадварлаг болгохоос эхэлнэ. Хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд суурилсан бодлого явуулж богино хугацаанд эдийн засгийг сэргээж болно” гэлээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Туваан: Манай нам бүсчилсэн хөгжлийг манлайлж хэрэгжүүлнэ
-Манай нам “хүн төвтэй нам” байна. Монгол Улс бүсчилж хөгжих боллоо. Үүнийг манай нам хэрэгжүүлэх туршлагатай. АН 2005 онд Монгол Улсыг таван бүс болгон бүсчилж хөгжүүлэх бодлого боловсруулж байсан. Тэгэхээр энэ удаагийн бүсчилсэн бодлогыг манай нам манлайлж хэрэгжүүлэх боломжтой.
АН-ын Бодлого сургалт, судалгааны газрын дарга Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг бид засна
-Ардчилсан нам “Бүтэн-Монгол-Бүрэн ардчилал” мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Хамгийн түрүүнд төрийн алдаа завхралыг засах, эдийн засгийг богино хугацаанд сэргээе гэсэн гол төлөвлөгөөгөө тусгалаа. Мөн МАН-ын засаглах энэ найман жилийн хугацааг алдагдсан найман жил гэж үзэж байна. Энэ утгаар алдагдсан найман жилийг богино хугацаанд засах шинжлэх ухаанд суурилсан хэрэгжхүйц хөтөлбөр боллоо.