АЗИ ТИВИЙН ЗАЛУУ УЛС ТӨРЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЛАА
УИХ-ын гишүүн Н.Учрал “ICAPP” Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
Дэлхийн иргэдийн 60 хувь, 4,7 тэрбум гаруй хүн амтай, Европоос 5 дахин том 45 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, тусгаар тогтносон 50 улс оронтой, өндөр хурдаар хөгжиж буй 41,36 их наяд долларын эдийн засагтай, 2300 хэлээр ярилцдаг Ази тивийн улс төрийн залуу манлайлагчдын өнөр өтгөн гэр бүл өнөөдөр VII чуулганаа амжилттай зохион байгууллаа.
12 орны 18 улс төрийн намын залуусын улс төрийн оролцоог дэмжиж нэг уриа дор нэгдлээ. Байр суурь, бодлого зорилт, нийгэм эдийн засаг ялгаатай олон үндэстний залуус гэлээ ч ЗАЛУУ хүн гэсэн үнэт зүйл дээрээ нэгдэж хамтдаа ТИЙМ гэж хэллээ. Бид Ази тивийн өнцөг булан бүрт аж төрж буй улс төрч залуусын оролцоо манлайллыг дэмжих үйл хэргээ улам эрчимжүүлэх “Улаанбаатарын тунхаг”-ыг хамтдаа тунхаглалаа.
52 орны 352 намын залуусыг нэгтгэсэн байгууллагыг хамтран чиглүүлэх 4 дэд ерөнхийлөгчөө хамтдаа сонголоо.Ази тивийн залуу улс төрчид мэдлэг, туршлага хуваалцаж нөхөрлөл, эв нэгдлээ бэхжүүллээ.Нэг тив-Нэг үеийнхэн-Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө! Залуучуудад ТИЙМ гэж хэлцгээе!