479 гишүүний бүрэлдэхүүнтэй МАН-ын гуравдугаар бага хурал эхэллээ
Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан аж.
Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог гэв. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлжээ. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна хэмээн онцолжээ.
Намын гишүүдийн оролцоо, идэвхийг бүртгэн чадварлаг боловсон хүчнээ үнэлэх, сонгуульт ажил, албан тушаалд оролцох боломжийг нээж өгч байгаа дэвшилтэт систем бол enam аппликэйшн гэв.
Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам батлах, мөн 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах аж. Цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаа энэ өдрүүдэд болно гэлээ.