2024.03.19

Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын систем төрийн бусад системүүдтэй уялдаа холбоо муутай байна

Нийгмийн даатгалын цахим системийн шинэчлэл хэзээ дуусч, хэвийн болох талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.

Тэрбээр, "IT zone компанийг олон улсын төслийн хүрээнд сонгон шалгаруулсан. Төслийн хүрээнд манай олон ажлыг авсан байна лээ. Тухайн үед олон улсын байгууллагийн санхүүжилтээр хийгдсэн юм билээ. 970 орчим мянган долларт хүрэх хэмжээний тендерт ялж авсан. Манайх дээр E-Job сайтыг хийх ажлыг хүртэл авсан. Гүйцэтгэлийн хувьд мөн асуудалтай байгаа.

Нэгдүгээр сарын 01-ны өдрөөс нэлээн олон үйлчилгээ нэмэгдсэн. Гэтэл үйлчилгээг цахимаар олгоход асуудал үүсээд байна. Бид хуучин систем дээр шинэчлэлт хийгээд хийгээд алдаа гарах магадлал өндөр. Дээрээс нь манай шинэ төрийн бусад системүүдтэй уялдаа холбоо муутай байгаа байна.

Цахимжилтыг хийхэд төр нэгэн зэрэг маш олон цахим хийж байна. Тус бүр нь монгол хүний нууцтай холбоотой байдаг учраас гаднын компаниар хийлгэхэд хэцүү байдаг. Монголын хэдэн компаниуд дотроо л тендерүүд нь явагддаг. Намайг энэ ажлыг авахад хэдийнэ тендер нь зарлагдчихсан энэ жил хүлээж авахгүй бол болохгүй байдалд байсан. Яагаад гэвэл олон улсын байгууллага нь "Бид гэрээгээ дуусгамаар байна. Хэрэв та нар хугацаа хэтрэх юм бол өөрсдөө мөнгөө төлөөрэй" гэдэг. Ийм нөхцөл байдалд орчихсон байсан.

Одоо бол бүрэн ашиглалтад орсон. Гэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлагаас үүдээд "Хэрэв нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт орох л юм бол системд мөн өөрчлөлт орно" гэсэн үг" гэлээ.