Эмнести Интернэшнлээс ЭАБК-ын 68-р чуулганд оролцогч Засгийн газруудад уриалга хүргүүлэв
2024.03.08

Эмнести Интернэшнлээс ЭАБК-ын 68-р чуулганд оролцогч Засгийн газруудад уриалга хүргүүлэв

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан Эмнести Интернэшнлээс Эмэгтэйчүүдийн Аж байдлын Комисс (ЭАБК гэх, Commission on the Status of Women)-ын 68-р чуулганд оролцогч Засгийн газруудад уриалга хүргүүллээ.

Мөн МЭИ-ийн гишүүд, хүний эрхийн идэвхтэнүүд “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаалд оролцон охид, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө эв санааны нэгдлээ илэрхийлэхийн сацуу ЭАБК-т хүргүүлсэн Эмнести Интернэшнлийн уриалга, дэлхий даяар өрнөж буй “Women Life Freedom” Иран улс дахь эмэгтэйчүүдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ.

ЭАБК нь Эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих, дэлхий даяарх эмэгтэйчүүдийн амьдралын бодит байдлыг баримтжуулах, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах дэлхийн стандартыг бий болгон хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг засгийн газар хоорондын үндсэн байгууллага юм.

ЭАБК-ын чуулганд Ерөнхий Ассамблейн гишүүн бүх улс оролцдог ч зөвхөн сонгогдсон 45 улсын засгийн газар саналын эрхтэй төлөөлөгчөөр ажилладаг. Монгол улс саналын эрхтэй 45 улсын нэг юм.

2024 оны 03 дугаар сарын 11-22-нд болох ЭАБК-ын 68-р чуулганаар “Ядуурлыг бууруулах, жендэрийн мэдрэмжтэй институци, санхүүжилтийг бэхжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах асуудал” болон 2019 оны ЭАБК-ын 63 дугаар чуулганаар баталсан “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулах нийгмийн хамгааллын тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой дэд бүтцийн талаарх зөвшилцсөн дүгнэлт”-ийг хянан хэлэлцэнэ.

Улс орнууд тэгш байдлын гол хөдөлгөгч хүч болох хүн бүрийн эрүүл мэнд, орон сууц, нийгмийн хамгааллын эрхийг ялгаварлан гадуурхалгүйгээр хамгаалах хүний эрхийн үүргээ биелүүлэхдээ :

  • Татварын тогтолцоог шударга болгох;
  • Нийгмийн хамгааллын тогтолцоо болон аливаа цахим технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө хүний эрхийн нөлөөллийн бие даасан үнэлгээ хийх, тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд үндэслэсэн эсэхийг баталгаажуулахын тулд хэрэгжилтийн үнэлгээг давтан хийх асуудлыг чуулганы “Зөвшилцсөн дүгнэлт”-д тусгахыг Монгол Улсын Засгийн Газарт уриалж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан