Д.Амарбаясгалан: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой
2025.05.21

Д.Амарбаясгалан: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайлах бололцоог сурталчлах “Бид эмэгтэйчүүд” форумд оролцлоо.

Тэрбээр "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх хүрээнд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны үр дүнд УИХ-ын гишүүнээр 32 эмэгтэй сонгогдож, Ази тивдээ эмэгтэй гишүүдийн тоогоор тэргүүлж эхлээд байна.

Харин орон нутгийн засаг дарга, орлогч даргаар томилогдсон эмэгтэйчүүдийн тоо доогуур байгаа юм. Тиймээс бид эхлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцооны үзүүлэлтийг хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой.

Үүний тулд:

  • Квот, сургалт, нетворкийн бодлого, дэмжлэгийг нэмэгдүүлэх
  • Орон нутгийн ИТХ, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд эмэгтэйчүүдийн оролцоог бодлогын түвшинд дэмжих
  • Тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгах зэргээр хамтран ажиллах шаардлагатай байна.

Та бид хамтдаа өөрчлөлтийг авчирна" гэв.