“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг УИХ-ын даргын ивээл доор зохион байгууллаа
2025.04.16

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг УИХ-ын даргын ивээл доор зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордонд боллоо.

Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, энэ нь жендэрийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ердөө 17 хувь нь банкны зээлтэй байгаа нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулдаг ч эмэгтэй удирдлагатай ЖДҮ эрхлэгчдийн дундаж зээлийн хэмжээ ердөө 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж зээлийн хэмжээнээс 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь 0.8 нэгж хувиар өндөр байгаа аж. Тиймээс энэхүү тэгш бус байдлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсад “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр эхлүүлж буй нь энэ юм.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа арга хэмжээг хааж үг хэлсэн бөгөөд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр нь нэг удаагийн төсөл бус, харин системтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурь болж байгааг сайшаасан.

Монгол Улс 2024 онд энэхүү санаачилгад нэгдсэн нь манай эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих, өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх чиглэлд чухал ахиц гаргасан үйл явдал гэдгийг тодотгоод, тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” нь зөвхөн хөтөлбөр биш, харин хамтын манлайллын жишиг юм. Энэхүү хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн, илүү хүртээмжтэй, тэгш эдийн засгийн хөгжлийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Өнөөдөр бол шатны эхлэл. Бид “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын суурийг тавьж чадсан, одоо түүнийг тогтвортой хөгжүүлэх, мэдээлэлд суурилсан бодлого гаргах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор санхүүгийн урсгалд холбох цаг ирлээ. Энэхүү замналд бид ганцаараа биш, харин хамтдаа байх болно гэдэгт би итгэлтэй байна гэлээ.