“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганаар нийслэлийн тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэж байна
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нийслэлийг бүсчилж хөгжүүлэх шийдэл гаргалгааны талаар хэлэлцэхээр энэхүү чуулганыг зохион байгуулж буй юм.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөвхөн орон нутагт бус, нийслэлийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ гэдэг том агуулгын хүрээнд бид ярилцах юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлд бий болсон бэрхшээл, асуудлуудыг дүгнэж, цаашид хэрхэх вэ гэдгээ шийдэхэд энэ чуулган чухал ач холбогдлоо өгөх юм” гэлээ.
“Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд чуулганы хэлэлцүүлэг өрнөх юм. Энэхүү сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар ярилцахаар төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид чуулж байна.
Улсынхаа газар нутгийн 0.3 хувьд нь оршдог Улаанбаатарт өнөөдөр нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байгаа бөгөөд энэхүү хэт төвлөрлөөс үүдсэн утаа, түгжрэл, хот төлөлвлөлтийн алдаа болон бусад асуудлыг Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд засан сайжруулах ямар боломж бий талаар “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганд оролцогчид ярих юм. Тухайлбал, “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвийн хүрээнд хотын эрчим хүч, дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид эрчим хүчний найдвартай байдлыг хэрхэн хангах талаар оролцогчид байр сууриа солилцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжийг танилцуулна.
Форумын урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 7-нд хийсэн бөгөөд Улаанбаатарын засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар ярилцсан юм.