“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” болно
Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран 2024 оны 3 дугаар сарын 25, 26-нд “Боомтын сэргэлт үндэсний форум -2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, , боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Түүнчлэн тус форумаар далайн эрх зүйн тухай конвенци ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэнэ.
“Боомтын сэргэлт үндэсний форум 2024”-ын үндсэн илтгэлийг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга “Боомтын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвээр тавих бол Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт”, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “Боомтын захиргааны чиг үүрэг, төсөл хөтөлбөрийн өнөөгийн байдал”, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин “Азийн хөгжлийн банкны боомтын дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого”, “Ханги Эко транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төрболд,“Боомтын сэргэлт ба хувийн хэвшил, сайн туршлага”, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн экспортын тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг хөгжүүлж ажиллалаа. Улмаар экспорт импортын ачаа барааг нэвтрүүлсэн тоо хэмжээ өмнө нь хоёр жилд хийдэг байсан бүтээмжийг нэг жилд багтаан ажилласнаараа онцлогтой.