2023 он: “Боомтын сэргэлт”-ээр ямар ахиц гарав?
Монгол Улсын экспортын нүүрсний хэмжээ анх удаа 70 сая тоннд ойртож түүхэн дээд үзүүлэлтийг тогтоолоо. “Боомтын сэргэлт”- ийн бодлогын бодитой хэрэгжилтийг илтгэх чухал үр дүнгийн нэг энэ. Эрдсийн экспортын голлох гарцууд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын авто зам, AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр, Замын-Үүд боомтоор авто болон төмөр замаар, Баянхошуу, Бичигт, Булган, Бургастай, Ханги, Хавирга боомтоор дан авто замаар нүүрсийг гадаад зах зээлд хүргэжээ. Нийт үзүүлэлтээр авч үзвэл нүүрсний 92 хувийг хилийн авто замын боомтоор, 8 хувийг төмөр замын боомтоор экспортолсон байна. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулбал экспорт 90 хувиар өссөн гэхээр манай улсын гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн амжилт.
Боомтын хөгжлийн хоцрогдлыг арилгах, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн жил Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтод авто болон төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууц барих зэрэг ажлууд хэрэгжжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомтод бүтээн байгуулалт хийгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал (2023.11 сар) ашиглалтад орсноор AGVээр нүүрс экспортолж эхэлжээ. Боомтыг өргөтгөх шинэчлэлийн бүтээн байгуулалтын явц 61 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гэрэл зураг: Шивээхүрэн боомт
Шивээхүрэн боомтын хувьд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал өнгөрсөн онд ашиглалтад орж, улмаар боомтын нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэж жилд 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх зорилгоор одоо ашиглаж буй чингэлэг тээврийн терминалаас 1-1.5 км зайд нүүрсний шинэ гарц бий болгох, БНХАУ-аас авдаг 35 кВт цахилгаан дамжуулах шугамыг 110 кВт болгож нэмэгдүүлэх, боомтын ажиллах хуваарьт цагийг уртасгах асуудлуудаар салбарын сайдын түвшинд Хятадын талтай санал солилцож байна. Манай улсын гадаад худалдааны хамгийн том боомт болох Замын-Үүдээр эрдсийн экспорт тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа юм. Тухайн боомтыг 24 цагаар тасралтгүй нэвтрэх үйл ажиллагааг анх удаа хагас сарын хугацаанд туршсан нь өнгөрсөн жилийн томоохон ажил байв. Монгол Улсын Ерөнхий сайд (2023.06 сар) БНХАУ-д хийсэн төрийн айлчлалаар хоёр улсын боомтын удирдлагууд яриа хэлцэл хийсний үр дүнд Замын-Үүд- Эрээн боомтын 12 цагийн үйл ажиллагааг 24 цаг болгох асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч бэлтгэл хангах туршилтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард гүйцэтгэсэн. Туршилтын 14 хоногийн хугацаанд 18.00-08.00 цагт улсын хилээр том оврын 1398 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Уг туршилтын ажиллагааг холбогдох байгууллагууд энэ онд ч үргэлжлүүлэх аж. Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зорчигч тээврийн цогцолбор бүхий шинэчлэлийн ажил бүрэн дууссан бөгөөд ачаа тээврийн хэсгийг энэ оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гэрэл зураг: Алтанбулаг боомт
Тэгвэл ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос Цагааннуур, Хавирга, Булган боомтын шинэчлэлийг энэ жилээс эхлүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. 2024 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр тухайн боомтуудад барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэх бөгөөд одоогийн хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх төсөөлөлтэй байна. Эдгээрээс Булган боомтод уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортын ачаа барааны шинэ гарц нээхээр төлөвлөсөн байна. Боршоо боомтын бүтээн байгуулалт өндөрлөж 2023 онд ашиглалтад оржээ. Монголын зүүн хойд нутгаар Орос, Хятадыг холбох ирээдүйтэй гэж үздэг Эрээнцав боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох шийдвэрт ойртсон байна. Тодруулбал Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ОХУ-ын төлөөлөгчидтэй хийсэн (2023.10.24) уулзалтаар Эрээнцав-Соловьевск төмөр замын боомтын зэрэглэлийг өөрчлөх асуудлаар санал солилцжээ. Улмаар “Хилийн боомт болон Монгол Улс, ОХУ-ын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ОХУ-ын талтай эцэслэн тохиролцсон байна. Энэхүү тохиролцоо нь хэтдээ Эрээнцав-Бичигт боомтыг холбон Орос, Монгол, Хятад улсын эдийн засгийн зүүн коридор хөгжих ач холбогдолтой гэж талууд үзжээ.
Одоо хилийн боомтуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, боомт дагасан суурьшлын бүсүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрх зүйн шинэчлэлд анхаарч байна. Тодруулбал 8 жилийн дараа Боомтын тухай хуулийг шинэчилснээр эдийн засагт үзүүлэх боомтын үр нөлөөг дээшлүүлж, боомтын үйл ажиллагаа шуурхай явуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх бодлого, чиглэлтэй ажиллаж байна.