Б.Тулга: Бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт суурины эрх зүйн орчныг тодорхой болгох цаг үе ирсэн
2024.03.01

Б.Тулга: Бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт суурины эрх зүйн орчныг тодорхой болгох цаг үе ирсэн

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Сэлэнгэ аймагт ажиллах үеэр нь ярилцлаа.

-Алтанбулаг дахь шинэ боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Хэзээнээс жигдэрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх вэ?

-Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил 2023 онд нэлээд хурдацтай явж, ачаа тээврийн хэсэг ашиглалтад орсон. Одоогоор түр хугацаагаар ачаа тээврийг зорчигчидтойгоо хамт явуулж байна. Үүнтэй холбоотойгоор боомтын цогцолбор доторх хил хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас гадна татвар, даатгал зэрэг байгууллага, мөн боомтоор үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлдэг байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага гарсан байгаа учраас миний бие газар дээр нь ирж танилцлаа.


Энд боомтын нэг цэгийн үйлчилгээний барилга байгууламж барих, боомтыг цогцоор нь төлөвлөх шаардлага байгаа нь харагдаж байна. Иймээс орон нутгийн удирдлагуудтай уулзаж, энэ асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Боомтын асуудлыг бид өнөөдрийг хүртэл арай өөр өнцгөөс харж ирсэн.

1990 оноос өмнө хил хяналтын байгууллагууд гол үүрэгтэй байлаа. 1990 оноос хойш ачаа тээвэр, ганзагын наймаачид буюу худалдаа эрхэлж байгаа хүмүүстэй холбоотой татварын байгууллагын үүрэг их байсан Харин 3 жилийн өмнөөс боомтын үйл ажиллагааг боомтын захиргаанаас зохион байгуулдаг боллоо. Иймээс боомтын захиргааны ажлыг цаашид өргөжүүлэх, төлөвлөлт хөрөнгө оруулалтыг татах тал дээр тодорхой нөхцөл бүрдэж байна гэж харж байна.

-Ер нь боомт бүсчилсэн хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж хөгжих бол?

-УИХ, Засгийн газраас баталсан бүсчилсэн хөгжлийн бодлого нь боомт руу хөрөнгө оруулалтыг хийх, боомтоор дамжуулж худалдааг нэмэгдүүлэх ийм бололцоог бий болгож байна. Гадаад талдаа мөн ялгаагүй, ОХУ-ын баруун талд хийж байгаа цэргийн үйл ажиллагаатай холбоотой эдийн засаг худалдааны урсгал Ази руу буюу ОХУ-ын алс дорнод руу чиглэсэн нөхцөл байдал үүсэж байна. Иймээс энэ болгоныг угтан авч, энэ болгон дээр тохирсон зүйлийг хийх хэрэгтэй.

Тухайлбал боомтын статусаа тодорхой болгох. Цаашлаад бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт, суурины эрх зүйн орчныг тодорхой болгох ийм шаардлага, цаг үе ирсэн байна.

Үүнтэй холбоотой Алтанбулаг сум, Сүхбаатар сумын хөгжил, дагаад төвийн бүсийн боомтын хөгжил илүү хурдацтай явах, хөрөнгө оруулалт нь илүү амархан шийдэгдэх нөхцөл бүрдэж байна гэж харж байгаа.

Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн хүрээнд төвийн бүсийн гол хөдөлгөгч хүчний нэг бол төвийн бүсдээ Сүхбаатар, Алтанбулаг боомтууд болж байгаа юм.

-Танд баярлалаа.