
Тариалан эрхлэхээр хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг бодлогоор дэмжинэ
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Атрын IV аян”-ы хүрээнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын Ч.Ундрам, ЗГ-ын гишүүдийн хамт оролцож ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгчид зөвлөгөөнд оролцож байна.
Атрын 4-р аян ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс,тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох үндсэн зорилготой аж.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
“Атрын-IV” аянг хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна.