Ханги боомтод VI дугаар сард автомат удирдлагатай терминал ашиглалтад оруулна
Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар хилийн Ханги боомтод ажиллажээ.
Манай улс 2024 онд 60 сая тн нүүрс экспортлох зорилт тавьсан ба Ханги боомтоор энэ онд 10 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. Иймд тус боомт дахь ачаа тээврийн урсгал, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж буй аж.
Экспортын гарц нэмэгдүүлэхэд AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминал чухал үүрэгтэй. Энэ терминалын бүтээн байгуулалт Ханги боомтод өрнөж буй бөгөөд ирэх зургаадугаар сард ашиглалтад орох юм байна.
Сайд нар боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдтэйгээ уулзаж, ярилцжээ. ААН, иргэдийн төлөөлөл Ханги боомтын орчимд суурьших иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас ундны ус болон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа.
Мөн сургууль, цэцэрлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээний төв, хүнд даацын автомашины оношилгооны төв байгуулах шаардлагатай гэсэн санал хэлснийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа Сангийн сайд илэрхийлсэн байна.