2024.03.01
Зам хүсэж, үйлдвэр хүлээсэн Завхан аймгийн иргэдтэй уулзлаа
Бүс нутгийн хөгжлийг тэртээ 2001 оны үеэс ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл орхигдсон. Баруун хязгаар нутгийн хувьд нутаг орныхоо давуу байдлыг хөгжлийн хөшүүрэг болгож хөгжих боломж хамгийн бодитой.
Тэр ч утгаараа Завханчууд мах, сүүний үйлдвэрээ дахин сэргээх, үйлдвэр дагасан тогтвортой ажлын байр бий болгох хэрэгтэй байна гэж Улиастайчууд ярьлаа. Хөгжье гэвэл замаа тавь гэж ярьдаг зам дагасан хөгжил орон нутгийн иргэдийн амьжиргаанд нэмэртэй. Төв замтайгаа холбогдсон аймаг, сумын аж байдал арай илүү хөгжилтэй байдаг. Тиймээс Улиастай-Алтай, Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замыг холбох ажлыг яаравчилж олон жилийн хүлээлтийг ажил болгож өгөхийг хүслээ.
Авто замаас гадна баруун босоо төмөр зам баригдвал зөвхөн Завханд гэлтгүй баруун бүс нутагт шатахуун, гурилын үнэ хямдрах боломж бүрдэх юм.