"Агаарын температур нэмэх хэм рүү ороход морины уралдаан зохион байгуулах хуулийн төслийг өргөн барилаа"
Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буй талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сүүлийн үед малчид болон уяачдаас хаврын морин уралдаантай холбоотой санал ирүүлж байгаа. Мөн үндэсний өв соёл, талын монголчуудын хүүхэд наснаасаа морь унах, дээдлэх уламжлал алдагдаж байгаа талаар хүсэлтүүд ирсэн.
Удаан хугацаанд судалгаа хийсний үр дүнд өнөөдрийн хуулийн төслийг өргөн барьж байна. Монголчууд шинийн 15-ны дотор урин хавартай золгосны баяр болгож морио уралдуулдаг заншилтай. Энэ нь өвлийн морин уралдаан хэмээн мушгиж ярьдгаас тэс ондоо зүйл.
Монголчуудын нүүдэлчин ахуй соёл хумигдаж хотжих байдал анзаарагддаг. Үүний дотор морины өв соёл орхигдох зүйл гарч байгаа.
Хаврын морин уралдаантай холбогдуулан хүүхдийн эрхийн асуудал яригддаг. Хуулийн төсөлд гадна агаарын температур цельсийн нэмэх хэм рүү орж ирсэн үед морины уралдаан зохион байгуулах заалтыг оруулж ирсэн.
Бас нэгэн сөрөг зүйл нь ард иргэд нэгдсэн зохион байгуулалтгүй, холбогдох албаны хяналтгүй орчинд уралдаж байна. Тэгэхээр хорьсон тохиолдолд иймэрхүү уралдаан ихсэж байгаа юм. Энэ асуудлыг харьяа байгууллагын хяналтын дор зохион байгуулах хуулийг санаачилсан.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон руу Монголын унаач, уяач нар гарч морин уралдаан зохион байгуулах явдал түгээмэл болж байна. Талын морьтон монголчууд бид морин соёлоо нэг тийш нь алдах вий гэсэн зовнил байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хаврын морин уралдааныг тавдугаар сарын 1-н хүртэл хорьсон. Тухайн адууны шинэ ногоонд гарч буй цаг хугацаанд уралдаан зохион байгуулж байгаа нь шууд утгаараа үржилд муу нөлөө үзүүлж байна.
Даяаршиж буй дэлхийд монголчууд бидний ондоошлын гол асуудал нь эрийн гурван наадам. Үүнийг шууд утгаараа Өвөр Монголчуудад алдах нөхцөл байдал тулгарсан. Тэгэхээр зөв талаас нь харж уралдаанаа зохион байгуулах нь уяачид, морь сонирхогчдын хамгийн их хүсэж буй асуудал юм.
Өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг шавхаж хавартай золгосон малчдад хөөр гунигийг нь хуваалцах баярыг хийлгэх ёстой.