2023.12.21
Ж.Батсуурь: Тойргийн хуваарилалт шог байна, энд наймаа явагдаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдааны эхэнд "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийн хуваарилалт орж ирж байна. Шинэ Үндсэн Хуулиар энэ үзэл санааг оруулна гэж хэлж байгаа. Манай намын дарга бол тойрог томсгохыг ил дэмжсэн санамж бичигт орсон болохоос биш тойрог дотор яаж дугаарлахыг тохироогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тойргийн хуваарилалт бол шог байгаа, ингээд харахад бол энд наймаа явагдаж байна.
ХУД-ийг Хүн Нам Доржхандад өгч байна, Багахангайг шадар сайддаа өгч байна. Энэ нь 10 мандаттай тойрогт 10 хүн нэр дэвшээд 5, 5 минут үг хэлэхэд 50 минут болно. 2 мандаттай тойрогт нэг нь 25 минут үг хэлэх нь байна. Энгийн логикоор тойргийг зарж байна, тойрог томсгоно гэдэг бол өнгөрсөн хугацааны нүүрсний, ЖДҮ-ийн, Хөгжлийн банкны хулгай луйварт орчихсон, мөнгөжсөн олгирахуудын том зодоон болох нь ээ гэж харж байна. Яагаад гэвэл 14 хоногт 1 намаас 10 хүн нэр дэвшье 10 мандатад дээр, 10 намаас 100 хүн 14 хоногт багтааж өөрийнхөө бодлого, шийдвэрийг намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байхгүй ээ.
Үүний хор хохирол нь эрчүүд бид нар тойроод бардаггүй юмыг 4, 5 аймгийг дамжаад бүсгүйчүүд маань явж дийлэх үү, тэрийг дагасан санхүүг гаргадаг уу, эрдэмтэн докторууд маань явж чадах уу, тэрийг дагасан мөнгө санхүүг гаргаж чадах уу, нөгөө залуу үе гэж яриад байдаг, шинэ үеийг бий болгоно гээд байдаг нь бүрэн орхигдоно оо. Мэргэн хүн шиг хэлье Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байхад парламентад суудалгүй бүх намууд орж ирнэ, та нар янзын гоё болно гээд шилний цаанаас чихэр долоолгосон, нөгөөдүүл нь шилний цаанаас чихэр долоосоор байгаад хулхидуулсан.
Одоо ийм том тойрогт парламентад суудалгүй намуудаас нэг ч цухуйхгүй, бие даагч нар нэг ч цухуйхгүй, залуучууд эмэгтэйчүүд яаж ч үзээд тамираа тасдсан ийм л сонгууль болно, хувь хүний бие ч дийлэхгүй шүү дээ. 14 хоногт монголын том нутаг дэвсгэрт, улс орнуудыг нийлүүлсэн юм шиг том нутаг дэвсгэрт 100 хүн тойрч ард түмнийг залхаана гэж байх уу тэгэхлээр энэ нөхцөл байдалд тойрог томсгохыг дэмжиж байгаа хэдий ч тойрог дотор зурж байгаа хуваарилалтууд үнэхээр шог байгаа тэгэхээр энэ нөхцөл байдлыг засаач ээ, засах боломж нь байна.
Жишээ нь Улаанбаатар хотыг заавал ингэж 6 мандаттай болгож яах гэж байгаа юм. ХУД, Багахангай, Багануур аа нийлүүлээ ч дээ, Баянгол яахаараа дангаараа байх ёстой юм, нийлүүлээч ээ ядаж хоёр хувааж чаддаггүй юм аа гэхэд гурав хуваачих, гурав хувааж чаддаггүй юм аа гэхэд дөрөв хуваачих."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn