Хянан шалгах түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтоов
Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 11 цаг 32 минутад эхэлж “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Төслийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийх юм байна. Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.
Төслийн талаарх Б.Энхбаяр даргын дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Төслийг батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжин, “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоол батлагдав.
Энэ өдрийн хуралдаанаар “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Нээлттэй, хаалттай хуралдаан” гэсэн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Чуулганы хуралдааны нийтлэг журам” гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг үндэслэн хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх горимын саналыг Б.Энхбаяр гаргав. Энэхүү горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул Хянан шалгах түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn