Д.Амгалан:
УИХ-ын гишүүн нь халдашгүй бүрэн эрхтэй ДАРГА биш, сонгосон ард түмнийхээ ТӨЛӨӨЛӨЛ
Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд бид дараагийн төрийн түшээд болох парламентын гишүүдээ сонгох болно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардах болно. Vip76.mn сайтаас таны сонгосон төрийн түшээ хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд таны дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаа “Итгэлийн үйлс” ТББ-ын Сургалт хариуцсан захирал Д.Амгалантай ярилцлаа.
2020 оны сонгуулиас бүрдсэн өнөөгийн парламентын онцлог болон давуу болон сул талыг та юу гэж харж байна вэ?
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг нам үнэмлэхүй олонх бүхий парламент бүрдсэн.
Мэдээж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд улс төрийн нэг хүчин хэт олонх болсон өнөө үед УИХ-ын үйл ажиллагаа нь улс орны эрх ашгийн төлөө байх эсвэл намын хүсэл сонирхол эрх, ашгийн төлөө юу гэдэг эргэлзээ дагуулна. Харамсалтай нь олонхоороо хүч түрэн асуудалд хандсанаар парламентад хяналт тавих боломжгүй байгаа нь илт харагдаж байна.
Өмнөх парламентуудад ч ажиглагддаг, мөн одоогийн нэг нам үнэмлэхүй олонх болсон парламентад ч тулгарч буй асуудал бол хууль батлахдаа гишүүдийн ирц, оролцоо хангалтгүй хэлэлцэн баталж байна. Олонх хэр нь ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан зэрэг хуулийг хэлэлцэн боловсруулах шат шатандаа ирцийг хангалттай бүрдүүлэхгүй байгаа нь энэ парламентын маш сул тал.
Мэдээж сөрөг хүчний талаар зайлшгүй ярих ёстой. Сөрөг хүчин цөөн суудалтай эсвэл нэг байна уу гэдгээс үл хамааран сөрөг хүчний үүргээ ухамсарлаж, тэнцвэртэй хадгалах шаардлагатай. Харамсалтай нь сөрөг хүчин үүнийгээ биелүүлж чадахгүй байна. Энэ бол өнөөгийн парламентын бас нэг сул тал.
Төрийн түшээдэд итгэх иргэдийн итгэл байж болох хамгийн доод түвшинд хүрээд байгааг олон судалгаа харуулдаг. Тэгвэл иргэдийн итгэлийг сэргээх үндсэн нөхцөлийг та юу гэж харж байна вэ?
Энийг том зургаар нь харвал Хууль тогтоох, хэрэгжилтийг хянах үүрэг бүхий УИХ өнгөрсөн гучин жилийн хугацаанд хуулийн засаглалыг бий болгож чадаагүйтэй холбоотой гэж харж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын үндсэн үүрэг бол эх орон болон иргэдийнхээ эрх ашгийн төлөө хууль баталж, хэрэгжилтийг хянах ажлаа сайн хийж чадахгүй учраас Монгол Улс болон иргэд нь хөгжин дэвжих олон боломжоо алдсан. Парламентын тогтолцоотой сүүлийн 30 жилд баталсан хуулиуд нь амьдралаас хол, үр өгөөжтэй биш байна. Иргэдийн амьдрал, нийгмийн хэв журамд эерэг өөрчлөлт авчрах ёстой ч эсрэгээрээ байгаа учраас иргэдийн сонгосон гишүүдэд итгэх итгэл алдарсан гэж болно.
Нөгөө талд нь, УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн үлгэр дуурайлал, хувь хүний манлайлал сул байгаа нь бас үүнтэй холбоотой. “УИХ-ын гишүүн” гэсэн эрх мэдлээ зөвхөн өөрийн амьдрал, өөртөө нааж буй дүр зураг байна. Тухайлбал, гишүүд нь ЖДҮ сангаас өөрийн хамаарал бүхий ААН-үүдэд давуу байдал үүсгэн зээл авсан, Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгай гэх мэт хэргүүдийг харж болно. Иймээс л иргэдийн итгэл алдарч байгаа нь хууль болон хуулийн хэрэгжилт нь амьдралд үр өгөөжгүй, мөн гишүүд нь ёс зүйтэй, үлгэр дуурайлал үзүүлэх манлайлагчид байж чадахгүй байгаатай шууд холбоотой.
Иргэдийн итгэл суларсан хамгийн том шалтгаан бол Улс төрийн нам
УИХ-ын гишүүдэд итгэх иргэдийн итгэл суларсан хамгийн том шалтгаан бол Улс төрийн намуудтай холбоотой. Цаашлаад зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн захиргааны албан хаагчдад итгэх иргэдийн итгэл сул болсон нь улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагуудтай шууд холбоотой. Нэр дэвшүүлсэн хүн нь алдаа гаргахад хариуцлага тооцдоггүй, намаараа түүнийг хамгаалаад аваад үлддэг тогтолцооны гажуудал үүсээд удаж байна. Бид Үндсэн хуульдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг эгүүлэн татах, огцруулах зүйл заалтыг тусгасан хэрнээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах, огцруулах зүйл заалт байхгүй нь өнөөгийн байдлыг улам дордуулж байна.
Энэ байдал үргэлжилсээр эцэстээ иргэдийн итгэл хамгийн доод түвшинд хүрснийг судалгаа харуулж байгаа байх. Иргэдийн итгэл сэргэх үндсэн нөхцөлүүдийн нэг нь улс төрийн намуудын төлөвшил, тэдгээрийн удирдлагын төлөвшил гэж хэлж болно. Улс төрийн намууд дэвшүүлж буй хүндээ өндөр шалгуур тавьж, эргээд хариуцлага тооцдог нээлттэй тогтолцоотой болсон цагт л иргэдийн итгэл сэргэж эхэлнэ.
Монгол төрийн түшээ гэж та ямар хүнийг хэлэх вэ?
Төрийн түшээд бол зөвхөн УИХ-ын гишүүд гэж ойлгох нь өрөөсгөл гэж бодож. Төрийн түшээ гэдгээр Төрийн албаны хуулиар тогтоогдсон дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй бүгдийг хамруулж ойлгох нь зүйтэй байх. Гэхдээ бидний ярилцлагын сэдэв УИХ-тай холбоотой болохоор яриагаа гишүүдээр хязгаарлая.
Бид парламентын гишүүдээ нээлттэй, ардчилсан зарчмаар сонгодог ч хариуцлага тооцох механизм нь алга.
Монгол Улсын Их Хурал бол Үндсэн хуулиар тогтоосны дагуу хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Энэ чиг үүргийг нь харж ямар мэдлэг, ур чадвар, туршлагатай хүнийг сонгох вэ гэдэг чухал. Бид хэнийг, ямар үүрэгтэй хүнийг сонгоод байгаа вэ гэдэг дээр төөрөөд байна. Хэрвээ хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж харж байгаа бол тэр төрийн түшээ нь монголчуудын ярьдаг холч ухаан, хууль эрх зүй, эдийн засгийн тодорхой мэдлэг, чадвар, туршлагатай монгол улсын иргэн юм. Энэ их чухал ойлголт.
Асуулттай холбоотой өөр нэг санаа хөндмөөр байна. Бид 1990 оноос хойш улс төрийн байгуулалт, нийгэм, эдийн засгийн шилжилтийг хийсэн боловч сэтгэлгээний шилжилт (буюу өөрчлөлт) тодорхой хийгдэж чадаагүй байна гэж би бодож байна. Монголчууд төрийг хийсвэр зүйл юмуу нийгмийн байгуулалт биш, харин төрийг хүнчлэн ойлгож, хаанаа төр гэж үздэг байсан гэж Академич Ш.Бира тодорхойлсон байдаг.
Төр эсвэл төрийн түшээ гэхээр бид эрх мэдэлтэй хүмүүс, дарга нар гээд далд ухамсартаа хүлээгээд авчихдаг сул тал байна. Гэтэл бидний сонгосон ардчилсан тогтолцоонд ард түмэн өөрсдийн төлөөллөө сонгуулиар сонгож, тэдгээр нь хууль тогтоох үндсэн эрх, үүргийг хэрэгжүүлдэг байх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн бол ямар нэгэн эрх мэдэлтэй дарга биш, сонгогдсон ард түмний төлөөлөл гэж харах ёстой. Гэтэл уламжлалт сэтгэлгээгээрээ УИХ-ын гишүүнээ сонгогчид нь дарга гэж хардаг, сонгогдсон хүмүүс нь ч өөрсдийгөө дарга гээд ойлгочихдог.
Ардчилал хөгжсөн орнуудад УИХ-ын гишүүд нь жирийн иргэдтэй адилхан нийтийн унаанд явж буйг хараад бид нар гайхан шагшраад байдаг. Гэтэл ардчилсан системд чинь угаасаа л УИХ-ын гишүүн гэдэг нь эрх мэдэлтэй нэгэн иргэдээсээ тасарсан байх талаарх ойлголт биш. Энэ сэтгэлгээгээ бид өөрчлөх ёстой. Тэгээгүй цагт Улсын Их Хурал буюу гишүүд нь өөрсдөдөө байх ёсгүй эрх мэдэл төвлөрүүлэхээс гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашигласнаа УИХ-ын гишүүний бүрэн эрх, парламентын дархлаа нэрээр хаацайлан өнгөрдөг жишиг тогтоод байна.
Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох, иргэдийн санал, санаачилгаар эгүүлэн татах механизмыг заавал бий болгох ёстой
Та сонгогч иргэний хувьд өөрийн сонгох төрийн түшээдээ ямар шалгуур тавих вэ?
Сонгууль өгөхөд надад тулгардаг нэг бэрхшээл бий. Тэр нь одоогийн улс төрийн намууд сонголтгүй сонгууль хийхэд хүргэдэгт оршино. Сонгохыг хүсэхгүй хүмүүсийг л дахин дахин нэр дэвшүүлж, бидний сонголтыг үнэ цэнгүй болгож байна. Сүүлийн сонгуулиудаар цагаан сонголт ихсэж байгаа шалтгаан нь энэ. Тодруулбал, сонгогч бидний төрийн түшээдэд тавих шалгуурыг улс төрийн намууд огт хайхардаггүй.
Сонгогчийн хувьд, сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс хоёр нүүргүй байхыг би хүснэ. Хэрвээ хийнэ гэж амласан л бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг л үнэнч шударга байх гэдэг. Сонгосон УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа хууль батлах үйл ажиллагаанд хэрхэн оролцож буйг харах ёстой. Энэ бол тухайн гишүүний үндсэн ажил. Гэтэл бид нарын амь амьдралтай холбоотой хууль батлаад байхад хуралдаа оролцдоггүй, иргэдийн эрх ашгийг хамгаалан ажиллаж чадаагүй хүнийг дараагийн сонгуульд улс төрийн нам нь нэр дэвшүүлсэн ч сонгогчид саналаа өгдөггүй байх ёстой.
Сонгогчид нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж байгааг улс төрийн намууд, бие даан дэвшигчид сайн судлах хэрэгтэй. Төгсгөлд нь нэмж хэлэхэд, нам дагасан улс төрчид, намыг санхүүжүүлэгч бизнесменүүдээс илүү төрийн албаны мерит зарчмаар төрд зүтгэсэн мэргэшсэн албан хаагчдаасаа улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Тэдний дунд л холч хараатай, ноён нуруутай, мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагатай төрийн түшээ болох иргэд бий.