2023.09.06

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТОЙ БОЛЛОО

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн 18 сумын 500 гаруй багш нарыг хамруулсан “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ-ХЭНТИЙ” зөвлөгөөнд тойргийн гишүүдээ төлөөлөн оролцож ЕБС, СӨБ, Коллежийн багш нарт мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд нийт багш нараа сонсож Боловсролын тухай хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг нэгтгэн Боловсрол, Шинжлэх ухааны сайдад уламжилсан талаараа хэллээ.


Өнгөрсөн жил Багш нарын зөвлөгөөний үеэр УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдийн зүгээс багш нарын хөгжлийг дэмжихэд юу шаардлагатай талаар санал авахад хичээл сургалтаа өдөр бүр явуулах, нэгж хичээлийн төлөвлөгөө боловсруулах, суралцан хөгжихөд зөөврийн компьютер зайлшгүй шаардлагатай байгаа. 2015 онд олгогдсон Леново компьютер ашиглах боломжгүй болсныг багш нар хэлж байв.

Тиймээс тойргийн гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нартайгаа зөвшилцөж санхүүжилтийг салбарын сайдын багцад суулгах чиглэлээр анхаарсан юм.

Өнгөрсөн жил 5-р сард багш нарын гаргасан санал хүсэлт ийнхүү нэг жилийн дараа биеллээ олж, Ерөнхий боловсролын сургууль, СӨБ-ийн багш нарт 1185 ширхэг зөөврийн компьютерыг олгож, аймгийн удирдлагуудын хамт дээжээс нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт гардууллаа. Хэнтий аймгийн Боловсролын салбарт сүүлийн 6 жилийн хугацаанд улсын төсөв болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр боловсролын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал шинээр барих, өргөтгөх томоохон ажлууд явагдаад байна.