Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 2022 онд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ
2023.08.15

Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 2022 онд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт 30 гаруй мэргэжлээр 56 оюутныг шинээр хамруулж, 67 оюутны гэрээг сунгажээ.

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт дутагдалтай мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зохион байгуулж, сургалтын төлбөрийг орон нутгийн төсвөөс 100 хувь хариуцан төлөх ажил амжилттай хэрэгжиж байна.

Энэ жил боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, инженер технологи зэрэг салбарт суралцаж байгаа оюутнуудаас сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгох гэрээ байгууллаа.

Өмнөговь аймаг 2021 онд 192, 2022 онд 295 оюутныг оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, орон нутгийн төсвөөс нийт тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.