УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймагт ажиллаж байна
Наадмын маргааш намар гэдэг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн сонгогдсон Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг дуусахтай зэрэгцээд иргэд, сонгогчитдой хийх уулзалтаа эхлүүлжээ.
Тэрээр Цэнхэр сумын Орхон, Цэцэрлэг багийн иргэдтэй уулзаж, хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж, бодлого шийдвэрийн талаар танилцуулж, иргэдтэй санал солилцлоо.
Цэнхэр суманд модны хортон шавьж, хүр хорхой ихээр тархаж, хүр хорхойн устгал эрчимтэй хийж байгаатай холбогдуулан тус устгалын ажлыг ирэх жил дахин хийх, төсвийг нэмэгдүүлэхэд анхаарах саналыг тус багийн иргэд уламжилж байна. Мөн хариуцлагагүй уул уурхай тус суманд нүүрлэж, Орхоны голд нөхөн сэргээлт хийгдэхгүй, хариуцах эзэнгүй байгааг анхаарахыг хүслээ. МАА-тай холбогдуулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс урамшуулалтай болгох, экспортыг дэмжих, тэжээл тариалалт, нийлүүлэлтэд анхаарах зэрэг ажил хэрэгч саналыг багийн иргэд гаргаж байна.
Цэцэрлэг багийн иргэдийн зүгээс хоршооны үйл ажиллагааг дэмжих, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах үүднээс хоршоогоор дамжуулан бэлтгэн нийлүүлж, худалдаалдаг, татварын буцаан олголтыг олгодог болгох саналыг гаргаж байна.