2023.06.09
С.Ганбаатар: Оюутолгойгоос бидэнд барьж өгөх ёстой "цахилгаан станц"-ын ажил ямар шатанд явж байна вэ?
УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
“Могойн цус тэнгэрт, муугийн үр олонд” гэдэг үг бий. Оюутолгой нь хамгийн том цахилгаан хэрэглэгч бөгөөд Монголын баялгийг хамгийн ихээр өөртөө ашигтайгаар хэрэглэж байгаа тал. Тэд цахилгаан станцыг таван жилийн дотор барьж өгнө хэмээн гэрээндээ зааж орж ирсэн. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийг 5 жилийн дотор барьж өгнө, 68 хувийн гэнэтийн албан татвар төлнө, 10 хувийг Монголын биржээр зарна, 90 хувьд Монгол хүн ажиллуулна гэсэн амлалтууд яав, хэрхэн хэрэгжиж байна вэ?
Бидэнд барьж өгөх ёстой цахилгаан станцын ажил ямар шатанд явж байна вэ?
Дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзаж байна. Бид нүүрстэйгээ зууралдахаас өөр хувь заяа байхгүй. Үүнийгээ түшиглэж бид хөл дээрээ босно.
Үүний хажуугаар Сэргээгдэх эрчим хүчний болон өөр эх үүсвэрүүд дээр маш олон лиценз. Эрчим хүчний яам лиценз ээ давуулан биелүүлээд өгчихсөн байгаа. Энэ нь чухам яагаад хэрэгждэггүй юм. Бүтээмж, үйлдвэрлэлийн хөгжил ямар шатанд явж байна?
Бид 88 сая ам.долларыг хөнгөллөө. Энэ нь хэрэгжих эсэх нь хэр баталгаатай вэ. Монголчуудын мөрөөдөл дээр тоглолт хийж маш олон төсөл, хөтөлбөр орж ирдэг. Том компаниуд нь шуналдаа хөтлөгдөн хоорондоо завсаргүй “зодолдоно”. Үүнээс сэргийлж буй арга зам нь юу вэ. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулт өглөө.