2023.06.09

Т.Энхтүвшин: Монгол улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Бид цаашдаа эрчим хүчний дутагдлаасаа гарах, нөхөх зайлшгүй шаардлагатай. Хэдий болтол эрчим хүчээ гадаадаас импортоор авах вэ. Тиймээс аж ахуй нэгжиийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж байгаа юм. Асуух нэг зүйл байна.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах юм уу? Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч баригдах юм уу? Эрчим хүчний яам тодорхой бодлоготой болмоор байна. Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчид нар, салхийг ашиглан барьж эхлээд байна шүү дээ. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчийг Монгол Улсад барья гэдэг аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Харамсалтай нь бид сэргээгдэх эрчим хүчийг дэмждэггүй. Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф үнэтэй байна гэдэг байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиндаа өөрчлөлт оруулаад үнэ, тарифыг нь буулгаад гадны хөрөнгө оруулалтаа оруулах хэрэгтэй байна. Үүнийг оруулах юм уу, оруулахгүй юм уу гэдэг дээр тодорхой хариулт хэлж өгөөч.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тодорхой бодлоготой байх ёстой шүү. Гадны хөрөнгө оруулагчтай уулзаад явж байх үед төр, захиргааны байгууллагын хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр сэргээгдэх эрчим хүч Монгол Улсыг алдагдалд оруулж байна. Цаашдаа бид үүнийг дэмжихгүй гэдэг байдлаар хандаж ирсэн юм байна лээ. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг барьж байгуулж байхад бид яагаад  дэмждэггүй юм бэ?

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.